Жүдогийн тэмцээнд амжилт үзүүлсэн тамирчдаас шигшээ багийг бүрдүүлнэ
- 2013-01-10
- Спорт
- 0
Спортын төв ордонд эхэлсэн жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга
шалгаруулах тэмцээн өчигдөр багийн халз тулаанаар үргэлжиллээ.
Спортын төв ордонд эхэлсэн жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр багийн халз тулаанаар үргэлжиллээ. Багийн тэмцээнд эрэгтэй 12, эмэгтэй 10 баг тамирчид оролцож, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн хос медальт Н.Түвшинбаяр, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт Х.Цагаанбаатар, Лондоны олимпийн хүрэл медальт С.Ням- Очир нарын жүдоч зодоглон үзэгчдийг шуугиуллаа. 2016 оны Рио Де Жанейрогийн олимпод эх орноо төлөөлөн оролцох тамирчдын анхны шалгуур болж буй нь эл тэмцээний онцлог. Рио Де Жанейрогийн олимпод манай улсын жүдогийн тамирчид багийн төрөлд оролцох тул одооноос тамирчдаа сонгон шалгаруулах шаардлагатай юм. Энэ удаагийн тэмцээнд амжилттай оролцсон тамирчдаас 26-г нь сонгон шигшээ багийн эгнээнд нэгтгэх ажээ. Энэ талаар Монголын жүдо бөхийн холбооны спорт хариуцсан захирал Д.Дашбямбаас тодруулахад “Жүдо бөхийн улсын аварга шалгаруулах тэмцээний ганцаарчилсан болон багийн төрөлд амжилттай оролцсон тамирчдаас шинэ шигшээ багийг бүрдүүлэх шийдвэр гарсан. Энэ утгаараа насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн маш өрсөлдөөнтэй болж байна.
Мөн энэ удаагийн тэмцээнээс Европын цуврал тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох тамирчид тодорно” хэмээв. 22 байгууллагын 300 тамирчин өрсөлдсөн тэмцээнд эрэгтэйчүүдийн төрөлд багийн дүнгээр ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хороо тэргүүлжээ. Харин эмэгтэйчүүдийн төрөлд ХХЕГ- ын “Хилчин” спорт хороо манлайлсан байна. Улсын аваргын шилдэг тамирчнаар О.Ууганбаатар /81 кг/, Д.Сумъяа /57 кг/ нар шалгарав.
Б.СЭЛЭНГЭ

Сэтгэгдэл (0)