С.Берлускони парламентын сонгуульд оролцохгүй байж магадгүй

   Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони ирэх парламентын сонгуульд оролцох эсэх нь эргэлзээтэй боллоо. Учир нь Миланы шүүх С.Берлусконийн шүүх хурлыг парламентын сонгуулийн дараа явуулахаас татгалзжээ.
   Италийн Ерөнхий сайд асан Сильвио Берлускони ирэх парламентын сонгуульд оролцох эсэх нь эргэлзээтэй боллоо. Учир нь Миланы шүүх С.Берлусконийн шүүх хурлыг парламентын сонгуулийн дараа явуулахаас татгалзжээ. Прокурорууд түүнийг албан тушаалаа урвуулан ашигласан, насанд хүрээгүй хүүхдийг садар самуунд уруу татсан хэрэгт буруутгаад байгаа бөгөөд С.Берлускони шүүх хурлыг парламентын сонгууль өнгөртөл хойшлуулж өгөхийг хүсчээ. Италийн парламентын сонгууль ирэх сарын 24, 25-нд болно. С.Берлускони Ерөнхий сайдаар ажиллаж байх хугацаандаа буюу 2010 онд “Руби” хэмээх тайзны нэртэй шөнийн клубын марокко гаралтай бүжигчин охин Карима Эль- Маругтай бэлгийн харьцаанд орсон юм. Тухайн үед Карима Эль-Маруг 17 настай насанд хүрээгүй байв.
  Нөгөө талаас Италийн хуульд 18-аас доош насны биеэ үнэлэгчтэй бэлгийн харьцаанд орохыг гэмт хэрэгт тооцдог. С.Берлускони Карима Эль- Маругт их хэмжээний бэлэн мөнгө санал болгож бэлгийн харьцаанд орсон агаад шүүх энэ хэргийн шүүх хурлыг зогсоохоос татгалзахын дээр Карима Эль-Маругаас гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй гэж шийджээ. Үүнээс өмнө Карима Эль- Маруг мэдүүлгээсээ хэд хэдэн удаа буцаж байжээ. Үүнд С.Берлусконийг буруутгаж Карима Эль-Маругт авлига өгсөн гэж үздэг ч нотолж чадаагүй байгаа юм. Нөгөөтэйгүүр С.Берлускони, К.Маруг хоёулаа бэлгийн харьцаанд орсноо үгүйсгэсээр байна.
  С.Берлускони 2011 оны арваннэгдүгээр сард Ерөнхий сайдын албан тушаалаас шахалтаар огцорч, үүний дараа дээрх хэргийн мөрдөн шалгалт эрчимжжээ. Энэ зуур С.Берлусконийн олон хууль бус үйлдэл, тэр дундаа албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлсэн хэрэг илэрсэн байна. Гурав дахь жилтэйгээ золгож буй энэ дуулианы улмаас италичуудын дийлэнх нь С.Берлусконийг буруутай гэдэгт итгэх болжээ. Үүний улмаас С.Берлусконийн нэр хүнд ард иргэдийн дунд нилээд унасан агаад нам нь энэ удаагийн сонгуульд дангаараа засаг барих хэмжээнд хүртэл олонхи болж чадахгүй гэдгийг битүүхэндээ хүлээн зөвшөөрөөд байгаа гэнэ.
  С.Берлусконийн Эрх чөлөөт ард түмэн нам өөр намтай эвсэж төв барууны үзэлт эвслийн Засгийн газар байгуулна гэж итгэж байна. Үүнийг баталж С.Берлусконийг Ерөнхий сайдад нэр дэвшихгүй гэсэн юм. Энэ сарын 7-нд түүний холбоотнууд “Манай нам ирэх сонгуульд ялалт байгуулсан ч намын дарга С.Берлускони Ерөнхий сайдад нэр дэвшихгүй” гэж мэдэгдсэн. Гэхдээ С.Берлускони дөрөв дэх удаагаа Ерөнхий сайд болохгүй гэж ил тод хэлээгүй. Харин “Бидний ялах эсэхээс энэ асуудал шийдэгдэнэ” гэж хэлжээ. Үүнээс хэрвээ Эрх чөлөөт ард түмэн нам ялалт байгуулбал С.Берлускони Ерөнхий сайдаар эргэн ирж магадгүй гэсэн таамаг дэвшүүлэхэд хүргэжээ.
   Юутай ч ирэх сонгуульд ялалт байгуулж олонхи болох магадлал хамгийн өндөр Эрх чөлөөт ард түмэн намын дарга С.Берлускони сонгуульд оролцохгүй байж магадгүй боллоо. Нөгөөтэйгүүр түүнийг шүүх хурал хоёрдугаар сарын 24-нөөс өмнө болж магадгүй. Үүнийг сөрөг хүчнийхэн ч хүсч байгаа юм. Үүнд мөн С.Берлусконийн улстөрийн ертөнцөд олон жил ноёрхлоо тогтоосон байдал нөлөөлсөн байх. Тэрбээр ард иргэд, улстөрчдийн шахалтаар Ерөнхий сайдын албан тушаалаас огцорсон ч ирэх сонгуульд оролцоно хэмээн улстөрд эргэн ирсэн юм. Хэрвээ 76 настай С.Берлускони шүүх хурлын үеэр буруутай нь тогтоогдвол насанд хүрээгүй охинд мөнгө төлж садар самуунд уруу татсаныхаа төлөө дээд тал нь 15 жилийн хорих ял сонсох юм байна.

 Э.ТӨГС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)