АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама орон нутгийн цагаар өнөөдөр үд
дунд улиран сонгогдсоныхоо тангаргийг өргөнө. Ингэснээр түүний бүрэн
эрхийн хугацаа дахин дөрвөн жилээр сунгагдана. Тэрбээр эхлээд Цагаан
ордны Хөх өрөөнд, дараа нь олон нийтийн өмнө тангараг өргөнө.
АНУ-ын 44 дэх Ерөнхийлөгч Барак Обама орон нутгийн цагаар өнөөдөр үд дунд улиран сонгогдсоныхоо тангаргийг өргөнө. Ингэснээр түүний бүрэн эрхийн хугацаа дахин дөрвөн жилээр сунгагдана. Тэрбээр эхлээд Цагаан ордны Хөх өрөөнд, дараа нь олон нийтийн өмнө тангараг өргөнө. Хөх өрөөнд болох арга хэмжээнд зөвхөн Б.Обамагийн гэр бүлийн гишүүд болон цөөн хэдэн сэтгүүлч, албаны хүмүүс байх юм. 2009 оны олон нийтийн өмнө тангараг өргөх арга хэмжээнд 1.8 сая гаруй хүн оролцож байсан бөгөөд энэ удаад ч мөн олон хүн цуглана гэдэгт албаныхан найдаж байна.
Албаныхны хэлснээр арга хэмжээнд дуучин Бейонсе, Келли Кларксон нар оролцож ая дуугаа өргөх аж. Реппер Жей-Зи Б.Обамагийн дотны найз бөгөөд тэр эхнэр Бейонсе Ноулзын хамт Б.Обамагийн сонгуулийн кампанит ажилд оролцож, олон хүн цуглуулж байсан удаатай. Энэ удаагийн тангараг өргөх ёслол АНУ- ын Үндсэн хуулиар өчигдөр буюу энэ сарын 20-нд болох байсан ч Б.Обама тангараг өргөх ёслолыг иргэний эрхийн тэмцэгч Мартин Лютер Кингийн төрсөн өдрөөр буюу даваа гаригт хийхээр болжээ.

Ёслолд Б.Обама уламжлал ёсоор Библийн судар дээр гараа тавин тангараг өргөнө. Энэ уламжлал Үндсэн хуульд заагдаагүй ч 1789 оноос хойш тогтсон юм. Б.Обамагийн энэ удаагийн тангараг өргөх ёслол дээр хэлэх үг америкчуудын төдийгүй дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Хэдийгээр Б.Обама энэ дөрвөн жилд өмнөх жилүүдийнхээс өөрөөр ажиллахаар төлөвлөсөн ч Сирийн хүчирхийлэл, Иран болон Хойд Солонгосын цөмийн хөтөлбөр, Евро бүсийн эдийн засгийн хямрал, Хятадын нөлөө болон дотоодын асуудал өмнөхийн адил асуудал дагуулах нь тодорхой байна. АНУ-ын Үндсэн хуульд зааснаар Ерөнхийлөгч дөрвөн жилийн хугацаатай, хоёр л удаа сонгогддог. Харин Фрэнклин Рузвельт дөрвөн удаа тангараг өргөж байсан удаатай. Хэдий ийм ч Б.Обама хоёр л удаа сонгогдоно. Гэсэн ч тэрбээр Ф.Рузвельтийн адил АНУ-ын түүхэн дэх анхдагч Ерөнхийлөгчдийн нэг юм.
АНУ-ын анхны африк гаралтай Ерөнхийлөгч тэрбээр цөмийн зэвсгийг хорогдуулах, сөргөлдөөнийг энхийн замаар шийдэх хүчин чармайлт, амжилтынхаа төлөө 2009 онд Нобелийн Энх тайвны шагналаар шагнагдсан юм. Үүнээс өмнө Нобелийн Энх тайвны салбарын шагналаар Теодор Рузвельт, Вудроу Вильсон, Жимми Картер нар шагнагдаж байв. Өөрөөр хэлбэл, Б.Обама энэ шагналыг гардсан АНУ-ын дөрөв дэх Ерөнхийлөгч болсон. Харин Б.Обамагийн тангараг өргөх ёслолын арга хэмжээнд экс Ерөнхийлөгч эцэг, хүү Буш оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.

Тэд мөн олон нийтийн арга хэмжээнд ч оролцохгүй хэмээсэн юм. Бага Буш буюу АНУ- ын 43 дахь Ерөнхийлөгч Жорж Буш эцгийнхээ эрүүл мэндийн шалтгааны улмаас энэ ёслолд оролцох боломжгүй болсноо мэдэгдсэн байна. 88 настай эцэг Буш саяхан эмнэлгээс гарсан ч эрүүл мэндийн хувьд сайнгүй байгаа аж. “Ерөнхийлөгч болон хатагтай Буш Ерөнхийлөгч Обама болон түүний гэр бүлд хамгийн сайн сайхныг хүссэн” гэж бага Бушийн төлөөлөгч “АВС” телевизэд ярьжээ. АНУ-д амьд сэрүүн Ерөнхийлөгчид Цагаан ордны тэргүүний тангараг өргөх ёслолд оролцдог уламжлалтай. Гэсэн ч Бүгд найрамдах намын хоёр Ерөнхийлөгч уламжлалыг эвдэж, Арчилсан намын хоёр Ерөнхийлөгч Жимми Картер, Билл Клинтон намынхаа нөхрийн тангараг өргөх ёслолд оролцох юм байна.
Э.ТӨГС
Сэтгэгдэл (0)