Нидерландын хатан хаан титмээ шилжүүлнэ

Нидерландын вант улсын хатан хаан Беатрикс хаан ширээгээ ууган хүү, хунтайж Виллем-Александрт шилжүүлэх болсноо ард түмэндээ телевизээр мэдэгдлээ.
Нидерландын вант улсын хатан хаан Беатрикс хаан ширээгээ ууган хүү, хунтайж Виллем-Александрт шилжүүлэх болсноо ард түмэндээ телевизээр мэдэгдлээ. Тэрбээр “Би 75 нас хүрч байна. Хаан ширээнээс буух тухай сүүлийн хэдэн жилийн турш бодлоо. Одоо цаг нь ирсэн” гэж хэлжээ. Мөн ирэх дөрөвдүгээр сарын 30-нд хаан ширээнээс албан ёсоор бууна гэдгээ мэдэгджээ. Хатан хаан Беатрикс ирэх пүрэв гариг буюу энэ сарын 31-нд 75 нас хүрэх бөгөөд 1980 оноос хойш хаан ширээнд сууж байгаа юм.
Тухайн үед түүнд хаан ширээг ээж нь өвлүүлсэн байна. Беатрикс телевизээр богинохон мэдэгдэл хийсэн агаад “Ууган хүү нь хаан болоход бэлэн болсон. Шинэ үе ирж байна” гэжээ. Өдгөө 45 настай хунтайж Виллем- Александр эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг. Түүний эхнэр, Нидерландын гүнж Максима Соррегьета нь Аргентиний иргэн бөгөөд тус улсын цэргийн дэглэмийн үеийн гишүүний охин юм.
М.Соррегьета мөн хөрөнгө оруулалтын банкны эзэн байжээ. Виллем- Александр онгоцны нисгэгч, усны менежментийн мэргэжилтэн аж. Тэрбээр дөрөвдүгээр сарын 27-нд 46 нас хүрэх бөгөөд 1890 онд III Виллемийг нас барснаас хойш Нидерландын вант улсын анхны хаан болох гэж байна. Хатан хаан Беатриксийн ээж Жулиана 1980 онд буюу 70 насандаа хаан ширээгээ охиндоо шилжүүлж байсан бол түүний ээж Вильгельмина 1948 онд буюу 68 насандаа хаан ширээгээ Жулианад шилжүүлжээ.
Дашрамд дурдахад, хатан хаан Беатрикс гурван хүүтэй бөгөөд дунд хүү Фрисо нь өнгөрөгч оны гуравдугаар сард Австрид цасан уруйд цохигдсоны улмаас одоо хүртэл комд байгаа аж. Юутай ч, Нидерландад 2014 оноос нэгдүгээр сарын 31-нд тэмдэглэдэг “Хатан хааны өдөр” дөрөвдүгээр сарын 27-нд тэмдэглэдэг “Хааны өдөр” өөрчлөгдөх нь. Виллем Александр гурван охинтой. Магадгүй түүний дараа Нидерландын хаан ширээ дахин эмэгтэй хүнд шилжих бололтой.

Э.ТӨГС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)