АНУ цагаачлалын бодлогоо шинэчилнэ

АНУ-ын парламент буюу конгрессийн дээд танхимын гишүүд ирэх хаврын сүүлээр цагаачлалын бодлогыг шинэчлэх хуулийн төсөлд саналаа өгнө.
АНУ-ын парламент буюу конгрессийн дээд танхимын гишүүд ирэх хаврын сүүлээр цагаачлалын бодлогыг шинэчлэх хуулийн төсөлд саналаа өгнө. Дээд танхим Сенатын 100 гишүүний есийнх нь хамтарч боловсруулсан энэхүү төсөл дэмжигдэх магадлал өндөр байна. Хоёр намын төлөөллөөс бүрдсэн сенатчид хуулийн төсөлдөө одоо байгаа 11.6 сая хууль бус цагаачийг бичиг баримтжуулна гэж тусгажээ.
Хэрвээ хуулийн төсөл дэмжигдэн батлагдвал энэ ондоо хэрэгжиж эхлэх юм байна. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама өнгөрөгч сонгуулийн кампанит ажлын үеэр цагаачлалын бодлогод нэмэлт өөрчлөлт оруулна гэж мэдэгдсэн. Бүр бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацааныхаа эхний жилд багтаан шийдвэрлэнэ гэж амлажээ. Түүний үзэж буйгаар цагаачлалын асуудлыг нэг тийш болгосноор санхүүгийн хямрал, ажилгүйдлийн төвшнийг бууруулах боломжтой болох аж. Эдийн засгийн энэ хүнд үеийг даван туулахад хямд ажиллах хүч чухал.
Гэхдээ хилийн хяналтыг сайжруулахын зэрэгцээ нэгэнт ороод ирсэн цагаачдыг статустай болгохоор төлөвлөжээ. Тус улсад ажиллаж, амьдарч буй 11.6 сая цагаач иргэдийн 1.3 сая нь дээд боловсролтой бөгөөд статусын асуудлаас шалтгаалан мэдлэг, боловсролдоо тохирсон ажил хийж чадахгүй байгаа гэнэ. Энэ мэт хүмүүс, ажиллах хүчний тусламжтайгаар АНУ-ын эдийн засаг өсөх нь дамжиггүй ч зарим сенатч эдийн засгийг сайжруулж, олон сая ажлын байр бий болгох Цагаан ордны төлөвлөгөө бүтэлгүйтнэ гэж болгоомжилж байна. Цагаачдын улмаас АНУ-ын 15 сая иргэн ажилгүй байна.
Хэдий тийм ч тэдний багагүй хэсэг нь цалингаа голоод ажил хийдэггүй аж. Хэдэн жилийн өмнөөс тус улсад цагаачлалын бодлогыг эсэргүүцсэн, дэмжсэн иргэдийн жагсаал цуглаан ээлж дараалан болсны улмаас, Б.Обама цагаачлалын бодлогоо эргэн харахаар болсон юм. АНУ-ын Цагаачдын эрх ашгийг хамгаалах байгууллага цагаачлалын бодлогыг шинэчлэхийг Цагаан ордны удирдлагуудаас нэг бус удаа шаардсан бөгөөд Б.Обамагийн энэ төлөвлөгөөг дэмжсэн. Гэвч бичиг баримтжуулахыг зарим цагаач эсэргүүцэж байна.
Дээрх хууль батлагдвал автомашин, орон сууц зэрэгт эдэлж байсан өмнөх хөнгөлөлтүүд үгүй болно, албадан гаргахад асуудалгүй болно гэж цагаач иргэд айж байна. Мөн энэ хуулийн төсөлд цагаач ажилчдыг хугацаа хэтрүүлэн ажиллуулбал ажил олгогчдод өндөр торгууль оногдуулна гэж заажээ. Ажил олгогчид гадаадаас хямд үнэтэй ажилчид оруулж ирэх сонирхолтой байдаг. Тиймдээ ч улсад татвар төлдөггүй цагаач ажилчдыг хугацаа хэтрүүлэн ажиллуулах үзэгдэл газар авчээ. Тус улсад жил бүр сая гаруй цагаач ажилчин орж ирдэг байна.
Есөн сенатч уг асуудлыг шийдвэрлэсэн хуулийн төслөө тун удахгүй Ерөнхийлөгч Б.Обамад танилцуулах юм. Харин Б.Обама Цагаан ордны тэргүүнээр улиран сонгогдоход чухал дэмжлэг үзүүлсэн испани, африк гаралтай иргэд болон цагаачдын эрх ашгийг хамгаалсан заалтууд шигтгэсэн энхүү хуулийн төслийг дэмжиж байна.

Э.ТӨГС

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)