Изриалд хариу барихыг хүсч байна

    Саяхан Израилийн агаарын хүчний сөнөөгч онгоцууд Сирийн нийслэл Дамаск хотын ойролцоох “Жамрая” хэмээх батлан хамгаалахын судалгааны төвийг бөмбөгдсөн билээ.

   Саяхан Израилийн агаарын хүчний сөнөөгч онгоцууд Сирийн нийслэл Дамаск хотын ойролцоох “Жамрая” хэмээх батлан хамгаалахын судалгааны төвийг бөмбөгдсөн билээ. Үүнтэй холбогдуулан Дамаскийн тэргүүн Башар аль-Ассад сайд нараа хуралдуулж Израильд хариу барих боломжийг судалж үзсэн байна. Харин хуралдааны дараа “Израилийн агаарын дайралт манай орныг хагалан бутаргах зорилготой байсан” гэж мэдэгдэв. Сирийн төрийн мэдлийн “САНА” агентлаг цааш нь Башар аль-Ассад Дамаск хотод Ираны Үндэсний аюулгүй байдлын дээд зөвлөлийн нарийн бичгийн дарга Саид Жалилитай уулзсаныг уламжлав. Сирийн агаарын хүчний генералуудын зөвлөл “Жамрая”-г Израилийн байлдааны дэвшилтэт онгоцууд бөмбөгдсөн гэж мэдэгдэж байгаа ба Израиль энэ мэдэгдлийг үгүйсгээгүй юм.
       Израилийн Батлан хамгаалахын сайд Эхуд Барак саяхан Германы Мюнхен хотод болж өндөрлөсөн Олон улсын аюулгүй байдлын бага хурал буюу дэлхийн нөлөө бүхий дипломатчдын уулзалт дээр “Биднийг үүнийг хийсэн гэх баталгаа байгаа юм уу” гэж халдлага үйлдсэнээ тойруугаар хүлээжээ. Мөн АНУ-ын албаныхан “Энэ дайралт Ливанд зэвсэг нийлүүлдэг газрыг онилсон байсан” гэж хэлжээ. Уг дайралтын улмаас хоёр хүн амь үрэгдэж, таван хүн шархдаж, судалгааны лаборатори ихээхэн эвдэрч сүйдсэн юм. Башар аль-Ассад Израилийн энэ үйлдэлд хариу барихаар Москвад захидал илгээсэн ч ОХУ Гадаад харилцааны яамаараа дамжуулан “Израилийг НҮБ- ын суурь хууль тогтоомжийг ноцтой зөрчсөнд гүнээ харамсч байна” гэж мэдэгдсэн. Сири ОХУ-аас үүнээс өөр хариу хүлээж байсан бололтой НҮБ- ын Аюулгүйн зөвлөлд захидал илгээж Израилийг зэмлэхийг хүсэв.
     Нөгөө талаас албан тушаалаа хүлээлгэн өгөх гэж буй Израилийн Батлан хамгаалахын сайд Эхуд Барак Мюнхений аюулгүй байдлын уулзалт дээр “Сири Ливаны “Хезболла” бүлэгт дэвшилтэт зэвсэг нийлүүлдгээ хүлээн зөвшөөрөхгүй. Бид ийм үйлдэлтэй тэмцэх ёстой” гэж хэлж олон улсаас дэмжлэг хүсчээ. Израилийн тагнуулын албаны тогтоосноор, лалын шийт шашны “Хезболла” бүлэг Сириэс танк эсэргүүцэгч, онгоц эсэргүүцэгч пуужин хэдийнэ авчээ. Үүнд Израилийн Засгийн газар ихээхэн санаа зовж байгаагийн дээр Сирийг Ливанд төвтэй дээрх террорист бүлэгт химийн зэвсэг нийлүүлэхээс болгоомжлохыг олон улсаас удаа дараа хүссэн юм. Үүнтэй холбогдуулан өнгөрөгч долоо хоногт Цагаан ордон Сирийг “Хезболла”-д химийн зэвсэг нийлүүлэхгүй байхыг сануулсан байна.

Э.ТӨГС


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)