Могой жилд хөрөнгийн зах зээлд “шуурга” нүүрлэх магадлалтай
- 2013-02-15
- Дэлхий
- 0
Могой жил гарч байгаатай холбогдуулан дэлхийн олон орны цөөнгүй
төлөгч өөрсдийн дүгнэлтийг гаргажээ. Тэр дундаа Хятадын зурхайчдын ирж
буй жилийн өнгө төрхийн тухай мэдээлэл илүүтэй тархаж байна. Тус улсад
энэ сарын 10-нд “Еэвэн сар”-ын баяр эхэлсэн ба барууны цахим хуудсуудад
Хонконгийн зурхайчдын төлөг олноор тавигджээ.
Дэлхийд нэр алдраа дуурсгасан, өөрийн гэсэн өнгө төрхтэй дуучид, жүжигчид могой жилд төржээ. Жишээлбэл, Одри Хепбурн, Чарли Шин, Шакира. Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Жон Кеннеди, Хүний эрхийн тэмцэгч Мартин Лютер Кинг зэрэг алдартан могой жилд төрсөн аж. Дорно дахинд могойг азтай амьтанд тооцдог бөгөөд энэ жил аз хийморь дагуулах юм байна. Үүнээс гадна могой жилд тааламжгүй үйл явдал их болж байжээ. Хамгийн сүүлд буюу 2001 оны могой жилийн есдүгээр сарын 11-нд Осама бин Ладены тэргүүлсэн “Аль-Кайда” бүлгийн дайчид онгоц барьцаалж АНУ-ын Нью-Йорк хотод орших Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхгийг мөргөж сүйтгэсэн. Тухайн онд үүнээс гадна Африкийн эв нэгдлийн байгууллага Африкийн холбоо болж нэрээ өөрчилж, Афганистани дахь Талибын дэглэм нурж, Хятад Улс Дэлхийн худалдааны байгууллагад элсч, АНУ Баллистик пуужинг хориглох олон улсын гэрээнээс гарсан зэрэг олон сөрөг үйл явдал болжээ. Хэдий тийм ч 2001 онд эрүүл мэндийн шинжлэх ухаанд томоохон нээлт хийж байв.
Хятад, Япон, Герман, Франц, Британи, АНУ-ын хамтарсан 12 эрдэмтэн хүний геномийн дэс дарааллыг нээж байжээ. Тэгвэл түүхэн баримтаас үзвэл 1881 оны могой жилд Оросын эзэн хаан Николай болон түүний гэр бүл хэрцгийгээр амь үрэгдсэн байна. Мөн хожмоо Их хямрал гэж нэрлэгдсэн дэлхийн хөрөнгийн зах зээлийн уналтын үе 1929 оны могой жилд эхэлжээ. Тэгвэл 1941 оны могой жилд япончууд Сувдан эрэг рүү довтолж, Дэлхийн II дайн эхэлсэн. 1989 оны могой жилд Хятадын зэвсэгт хүчин Тянь-Ань-Мэнийн талбайд жагссан оюутнуудыг танкаар дайрсан. Могой хэмээгч энэ лусын амьтад их ухаалаг, догшин ч гэлээ зарим нь хиргүй тунгалаг. Үүнээс гадна могой их өмчирхөгч, шартай амьтан. Гэхдээ үе үе өөрийгөө хамгаалах, өөртөө итгэлтэй байдлаа алддаг. Дорнын зурхайчид хар усан могой жилийн эхний хагаст ашиг орлого тийм ч тааламжтай бус, хоёрдугаар хагаст их хэмжээний ашиг олно гэж дүгнэж байна.
Ажил төрлийн хувьд олон саад, сорилттой тулгарч их зүйл сурна гэжээ. Мөн бусадтай, ялангуяа эр эм хүмүүсийн хооронд харилцаа тогтоход аз түшнэ. Түүнчлэн гэрлэсэн хүмүүс гэр бүлээс гадуурхи харилцаанаас сэргийлэх хэрэгтэй юм байна. Учир нь тэд шинэ хамтрагчдаа их цаг зарцуулах болно. Могой их романтик, оргилуун хамтрагч ч үе үе могой шиг хатгадаг. Харин эрүүл мэндийн хувьд сайн байна. Гэхдээ ходоод, нарийн гэдэс, нүд, зүрхэнд жаахан халтай. Хонконгийн олонд танигдсан фэнг- шуйгийн мастер Мак Лин Лин энэ жил хөрөнгийн зах зээлд “шуургатай” байна гэжээ. Түүний хэлснээр могой хурдан шалмаг хөдөлгөөнтэй учраас хөрөнгийн зах зээл тогтворгүй байх юм байна. Үүнд мөн могойны ов мэхтэй, хорон санаатай, түрэмгий байдал нөлөөлөх гэнэ.
АВТОР

Сэтгэгдэл (0)