Ф.Олланд Москвад айлчилжээ

...Хоёр тэргүүн олон улсын аюулгүй байдлын асуудлаас гадна ОХУ, Францын худалдаа, эрчим хүч, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, өндөр технологи, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн байна...
...Хоёр тэргүүн олон улсын аюулгүй байдлын асуудлаас гадна ОХУ, Францын худалдаа, эрчим хүч, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, өндөр технологи, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн байна...

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзахаар Москвад айлчилжээ. Тэрбээр өнгөрөгч лхагва гаригийн орой ОХУ-д хүрэлцэн ирсэн бөгөөд пүрэв гаригт бүтэн саатсан байна. Өөрөөр хэлбэл айлчлалынхаа сүүлийн өдөр буюу өчигдөр Ф.Олланд В.Путинтай уулзжээ. Францын Ерөнхийлөгчийн айлчлалтай холбогдуулан Кремлийн хэвлэлийн алба “Ф.Олланд В.Путинтай дэлхий болон бүс нутагт тулгамдаад буй асуудлаар өргөн хүрээтэй хэлэлцэхээр Москвад айлчилна” гэж мэдээлжээ. Хоёр тэргүүн олон улсын аюулгүй байдлын асуудлаас гадна ОХУ, Францын худалдаа, эрчим хүч, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, өндөр технологи, хүмүүнлэгийн хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн байна. Мөн ажиглагчдын таамаглаж байснаар ОХУ, Европын холбооны хамтын ажиллагаа, Сири, Малийн хямрал, мансууруулах бодис, терроризмтой тэмцэх асуудлаар хэлэлцжээ. Ф.Олланд В.Путины урилгаар ОХУ-д өнгөрөгч 27, 28-нд айлчилсан нь Францын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш тус улсад хийсэн анхны айлчлал болжээ. Ф.Олланд 2012 оны тавдугаар сард Францын Ерөнхийлөгчөөр томилогдсон ч Германы Канцлер Ангела Меркелийн дараа Европын хоёр нөлөө бүхий удирдагч гэгддэг юм. Түүнийг Ерөнхийлөгчийн тангаргаа өргөж үүрэгт ажилдаа орсноос сар орчмын дараа В.Путин Парист айлчилж түүнтэй уулзаж, Москвад айлчлалыг урьсан байна. Гэсэн ч хоёр орны харилцаанд “Пусси Риот” хамтлаг, жүжигчин Жерар Депардье зэрэг бие биенийгээ шүүмжилсэн олон асуудал таагүй уур амьсгал үүсгээд байв. Тиймээс Ф.Олланд Москвад хожуу айлчилж байгаа нь энэ аж. Францын Ерөнхийлөгч Кремлийн тэргүүнтэй уулзах үеэрээ “Парис цөмийн зэвсгээ бууруулахаар шийдсэн. Франц бол тусгаар тогтносон улс. Бид НАТО-тай хамтарч ажилладаг ч эх орондоо түүний ямар нэгэн баазыг байрлуулахгүй. Манай Улс хүний эрхийг дээдэлдэг. Тиймдээ ч террористуудын эрхшээлд орсон Малийн асуудалд хөндлөнгөөс оролцсон. Бид тун удахгүй энэ улсаас цэргээ гаргаж, аюулгүй байдлыг сахих үүргийг Африкийн холбооны цэргүүдэд үлдээнэ. Африкт болж буй террорист ажиллагаатай тэмцэх ёстой” гэж хэлэхийн зэрэгцээ Афганистанаас цэргээ гаргахад Москваг туслахыг хүсчээ. Уулзалтын төгсгөлд Ф.Олланд Сирийн асуудлыг хөндсөн байна. Энэ сэдвийн эхэнд Ф.Олланд Франц Улс Сирид зэвсэг нийлүүлэхгүй. Бид тус улсад зэвсэг худалдахыг хориглосно олон улсын гэрээнд нэгдсэн гэдгийг онцлоод “Ойрын хугацаанд Сирийн хямралыг зогсоох гарц олох хэрэгтэй” гэжээ. Эргэн сануулахад, 2011 оны гуравдугаар сард эхэлсэн Сирийн хямралын улмаас одоогийн байдлаар 70 мянга орчим хүн амь үрэгдээд байна.

Э.ТӨГС


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)