Влaдимир Путин ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш нэг жил өнгөрлөө
- 2013-03-05
- Дэлхий
- 0
Владимир Путин ОХУ- ын Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш яг нэг жилийн хугацаа өнгөрлөө. Тэрбээр өнгөрөгч оны гуравдугаар сарын 4-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд 63.6 хувийн саналаар илт давуу ялалт байгуулж гурав дахь удаагаа төрийн тэргүүнээр сонгогдсон. Төрийн Думын сонгуулийн дараа явагдсан энэхүү сонгуульд ялалт байгуулахад В.Путинд амаргүй байсныг улстөрийн ажиглагчид хүлээн зөвшөөрдөг. Учир нь Думын сонгуулиас эхтэй иргэдийн жагсаал Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ч үргэлжилж, В.Путиныг огцрохыг шаардсан юм. Тиймдээ ч В.Путин өмнөхөөсөө илүү үр бүтээлтэй ажиллах үүрэг хүлээсэн. Иймээс энэ он В.Путинд хатуу жил байх аж. В.Путин Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр олон том амлалт өгчээ. Энэ жил В.Путины хувьд амлалтуудаа хэрэгжүүлэх чухал үе. Кремлийн тэргүүн сонгуулийн амлалтуудаа биелүүлэхийн тулд үүнд оролцох олон бүлгийн сонирхлын хооронд маневр хийх хэрэгтэй болно. Энэ зуур түүнд ашигт малтмалын хомсдол томоохон саад учруулна. Мөн АНУ-тай харилцах харилцаанд үүссэн олон бэрхшээл тулгарна. “Левада төв”- ийн судалгаагаар оросуудын олонхи /65 хувь/ нь В.Путины үед ОХУ-д муугаасаа илүү сайн зүйл болно хэмээн итгэж байна. Харин тавны нэг орчим /18 хувь/ нь илүү муу зүйл болно гэжээ. Тэгвэл үүнээс дутахааргүй хэсэг буюу 17 хувь нь мэдэхгүй гэсэн саармаг хариулт өгсөн байна. Өөр асуултаар санал асуулгад оролцсон хүмүүсийн 36 хувь нь Ерөнхийлөгчийг ОХУ-ын байр суурийг өндөрт өргөсөн, 28 хувь нь цалин, тэтгэвэр, орлогыг өсгөсөн гэж сайшааж басхүү улам нэмэгдүүлэхийг хүссэн шинэ найдлага тавьж буй. “Левада төв” энэ судалгаагаа өнгөрөгч сарын 15- 18-нд 18-аас дээш насны хот, хөдөөгийн нийлсэн 1600 хүний дунд явуулсан байна. Харин уг байгууллагын өнгөрөгч онд явуулсан судалгаанд В.Путин Кремльд эргэж ирвэл амьдралын төвшин 19, нийгмийн байдал, тэтгэвэр, эдийн засаг, үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн салбар таван хувиар сайжирч, авлига, шударга бус байдал дөрөв, ажилгүйдэл гурван хувиар буурч, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ авах боломж гурван хувиар өснө гэсэн дүн гарчээ. 2012 оны есдүгээр сарын 29-30-нд явуулсан энэ судалгааг дээрхтэй адил хот, хөдөөгийн нийлсэн 18- аас дээш насны 1600 хүний дунд явуулсан байна. Ерөнхийдөө саяхны судалгаанд оролцогчдын 47 хувь нь В.Путинг мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлнэ гэж үзэж байгаа бол 39 хувь нь итгэхгүй байна. Гэсэн ч энэ жил В.Путины 2000-2008 онд Ерөнхийлөгчөөр ажилласан он жилүүдээс хамаагүй хүнд байна гэдэгт ажиглагчдын дийлэнх нь санал нэгджээ.Э.ТӨГС

Сэтгэгдэл (0)