Нохой хүнийг гэрийн амьтан болгожээ.




Орчин үеийн гэрийн нохдыг хэдэн мянган жилийн тэртээх эртний хүмүүсийн туслах, тэжээвэр чонын үр сад гэсэн таамаглалыг хүмүүс ерөнхийдөө хүлээн зөвшөөрдөг. Бидний өвөг дээдэс дөрвөн хөлт араатныг ангийн үйл ажиллагаанд ашигладаг байсан гэж эрдэмтэд таамагладаг. Хүний нөлөөнд орж нөхөрлөсөн араатан улмаар гэрийн болон аж ахуйн ажилд туслах чадваруудыг эзэмшсээр байж. Тэгвэл Америкийн эрдэмтэд өмнөх таамаглалуудаас тэс өөр дүгнэлт гаргажээ. Тэдний таамаглан дэвшүүлснээр хүмүүс Европт суурьшиж эхэлсэн 43 мянга орчим жилийн тэртээд зэрлэг ноход буюу чононууд ямар ч төрлийн сүүн тэжээлтэн амьтдын махаар хооллодог догшин араатан байж. Дөрөвдүгээр зууны үед олон төрлийн сүүн тэжээлтэн амьтан устсан нь үүнтэй холбоотойг эрдэмтэд тодотгожээ. Тэгэхээр хүн чоныг өөрийн хамтрагчаа болгох гэж “зөөлрүүлж” сургаагүй харин ч хүний дайсан, олз байж. Хүн оршин тогтнолынхоо аль ч үед чоно руу дайралт хийсээр ирсэн гэж болно. Тэр ч атугай манай эриний өмнөх VI зуунд Грекийн нэрт улстөрч, уран сэтгэгч, яруу найрагч Солон Афинский чоно агнасан хүмүүст чоно тус бүрийн тоогоор шагнал амлаж байжээ. Тиймээс дөрвөн хөлт махчин амьтад хүн төрөлхтний зүгээс чиглэсэн устгалын үйл ажиллагаанаас зугатах найдвартай ганц арга бол харилцан нөхөрлөж, хамт амьдрах гэдгийг ойлгосон байна. Эрдэмтдийн гаргасан энэ таамаглалыг нохой судлалын мастер гэгддэг Брайн Хэр дэмжиж буйгаа илэрхийлжээ. Тэрбээр Дьюкийн их сургуулийн дэргэдэх нохой судлалын төвийг үүсгэн байгуулсан бөгөөд “Нохдын суу билиг” номын хамтран зохиогч юм. Олон жилийн турш нохой судалсан эрдэмтэн Брайн, илүү нөхөрсөг, авхаалжтай, сэргэлэн чононууд хүнд ойртож, нөхөрлөж чадсан гэж үздэг. Чоно хүнтэй ойртон нөхөрлөх нь бидний өвөг дээдсийн хувьд аймшигтай, боломжгүй зүйл байгаагүй. Учир нь чоно үргэлж хүний ойр орчимд амьдардаг гэдгийг ч эрдэмтэн онцолжээ.
Тэгэхээр хүн эхэлж чоныг сурган гэрийн тэжээвэр амьтан болгоогүй харин чоно хүний ахуйд зохицон амьдрахаар өөрөө ирж, улмаар хүнд хэрэгтэй ур чадваруудыг эзэмшин түүнийхээ ачаар устах аюулаас ангижраад зогсохгүй хүний хамгийн итгэлт анд болж чадсан байгаа юм. Түүгээр зогсохгүй хүний өмнөөс анд явах, мал хариулах зэргийг гүйцэтгэж хүнийг “гэрийн амьтан” болоход төлөвшүүлж эхэлсэн байна. Харин хүн илүү ууртай, омголон чононуудыг устган нөхөрсөг, сэргэлэн чононуудыг үлдээн нөхөрлөсөн байна. Хүнтэй нөхөрлөсөн чононуудын гадаад төрх, үйл хөдлөл аажимдаа хувирч эхэлжээ. Улмаар хэд хэдэн үе өнгөрөхөд тэд ахан дүүс махчин араатнаасаа эрс ялгарах болсон байна. Түүнээс гадна “гэржсэн” чоно ноход хүний зан ааш, ахуй байдлыг бүрэн ойлгодог болж энэ чадвараа хэдэн зуунаар хадгалсаар иржээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)