Иллинойс мужид хүүхдийн дэргэд тамхи татвал шоронд суудаг

Манай оронд Тамхины хяналтын тухай шинэчилсэн хууль хэрэгжиж эхлээд удаагүй байна. Үүнтэй уялдуулан дэлхийн бусад оронд ийм төрлийн хууль хэрхэн үйлчилдэг, хуулийн заалтууд ямар байдгаас сонирхуулахыг зорилоо. Олон нийтийн газар тамхийг хориглох нь тамхины хэрэгцээг багасгаад зогсохгүй, хүний эрүүл мэндийг илт сайжруулж, орчин нөхцөлийг ч цэвэр байлгах олон талын ач холбогдолтой. Тамхины эсрэг хуулийг дэлхийн улс орнууд сүүлийн жилүүдэд улам чангатган, хяналт, мөрдөлтийг ч ёсчлон дагах болсон. 




ДЭМБ-аас гаргасан судалгаагаар, дэлхий дахинаа 1.3 тэрбум гаруй тамхичин байдаг аж. Зөвхөн тамхидалттай холбоотой шалтгаанаар АНУ-д л гэхэд жил бүр 450 мянга орчим хүн амиа алддаг бол найман сая гаруй хүн тамхинаас үүдэлтэй элдэв өвчнөөр өвчлөн шаналдаг байна. Тамхи нь 18 төрлийн хорт хавдар
үүсгэгч гэдгийг мэргэжилтнүүд тогтоосон. Тамхины эсрэг идэвхтэй тэмцлийг дэлхийн өндөр хөгжилтэй бүх орон явуулдаг. Тухайн орны хөгжлийн төвшин хэдийчинээ өндөр байна тамхины эсрэг бодлого, түүнийг хориглох, хэрэгжүүлэх арга зам төдийчинээ сайн байж, илүү үр дүнд хүрдэг гэхэд хилсдэхгүй. Тамхидалттай тэмцэх үйл ажиллагааг ДЭМБ удирддаг. Гэхдээ ДЭМБ-ын хууль тогтоомжоос гадна улс орон бүр өөрийн онцлогт тохируулан тамхины эсрэг хууль боловсруулан хэрэгжүүлдэг байна. Тухайлбал, Ирланд Улс 2004 онд дэлхийд анх удаа хүмүүс ажилладаг орчин болон олон нийтийн битүү газрууд, ресторан, пааб, кафед тамхи татахыг хориглосон. Хууль зөрчвөл 3000 хүртэлх еврогоор торгодог байна. Тэгвэл АНУ-ын хувьд 2010 оноос олон нийтийн газар тамхи татахыг хязгаарлаж эхэлжээ. Гэхдээ муж бүр өөр өөр хэлбэрээр хэрэгжүүлдгээрээ онцлог. Нью-Йоркийн алдарт Таймс-сквер-ийн талбай л гэхэд тамхигүй орчин гэдгээрээ алдаршсан. Мөн Иллинойс мужийн хуульд наймаас доош насны хүүхдийн дэргэд машиндаа тамхи татвал өргөст торны цаана суулгах хүртэл хатуу арга хэмжээ авдаг байна. Харин Австралид 2007 оны аравдугаар сараас олон нийтийн газар болон пааб, ресторан, уушийн газарт тамхи татахыг бүрэн хоригложээ. Мөн тус улсад өнгөрсөн оноос тамхи үйлдвэрлэгч компаниудыг стандартын нэг төрлийн хайрцагт бүтээгдэхүүнээ савлаж, үйлдвэрлэгчийн таних тэмдэг тавихыг болиулсан байна. Их Британид бол тамхины хориг янз бүрээр үйлчилдэг. Тухайлбал, Англид олон нийтийн газар, галт тэрэгний буудал дээр тамхи татахыг зөвшөөрдөг бол Шотландад 50 фунтийн торгуультай. Харин хөл бөмбөгийн талбайд тамхи татахыг аль аль нь хориглодог. Японы олон хотод тамхи татах ёсгүй гудамжууд бий. Харин ийм хориггүй газар тамхи татсан хүн тамхины ишээ заавал хогийн саванд хийх ёстой. Тамхины ишээ хаа нэгтээ хаясан тохиолдолд 1000 йений торгуультай тул тус улсад халаасны үнсний сав нэлээд түгээмэл хэрэглэгддэг ажээ.

Тамхины эсрэг сонирхолтой баримтуудаас:
-Эстони, Итали, Сингапур, Мальтад тамхи татахад зориулсан, агааржуулагчаар тоноглосон тусгай өрөөнүүд байдаг аж. Тамхины өрөөнд идэх зүйл, шар айраг зэргийг авч орох хориотой.
-Канадын нэгэн зочид буудал тамхичдыг зөөн тээвэрлэж, тамхилуулдаг тусгай автобустай.
-Голландад тамхи татах хатуу хориотой. Гэхдээ тамхи никотин агуулаагүй бол татахыг зөвшөөрдөг. Тиймээс тус улсад өвс татах нь аюулгүй.
-Нью-Йорк хотноо ресторанд тамхи татахыг хориглосон хууль гарахад хоолны цэсэд никотин агуулсан хоол санал болгожээ.

Тамхины эсрэг тэмцсэн тоо баримтуудаас:
Хамгийн анх тамхины эсрэг тэмцлийг Европт тухайн тивд тамхи үүсэхээс өмнө өрнүүлсэн байдаг.
* Колумбын аяллын багийн гишүүн Родриго де Херез тамхи татсаныхаа төлөө “зөвхөн ад зэтгэр л хүнийг хамраасаа утаа гаргах чадвартай болгоно” гэсэн заалтаар шоронд суух ялаар шийтгүүлж байжээ.
* Испанийн католик сүм 1575 онд залбирал үйлддэг газруудад тамхи татахыг хориглосон байна.
*Английн доктор Жон Хилл 1761 онд анхны клиник туршилт явуулснаар тамхины хүнд үзүүлэх хорт нөлөөллүүдийн тухай анхлан танилцуулжээ.
*Германы химич Людвиг Рейманн, Вильгелм Поссельт нар 1828 онд тамхинаас никотиныг ялгаж чадсан байна.
*АНУ-д 1830 оноос тамхины эсрэг олон нийтийн хөдөлгөөн өрнөж эхлэв.
*1860 оноос АНУ-д янжуурын үйлдвэрлэл “цэцэглэж” эхэлжээ. Үүнээс өмнө анагаах ухаанд уушгины хөнгөн хэлбэрийн хорт хавдрын тухай ойлголт байдаггүй байсан бол одоо бүх хорт хавдрын 60 гаруй хувийг хөнгөн хэлбэрийн хорт хавдар эзэлж байна.



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)