Венесуэлд ерөнхийлөгчийн сонгууль явуулахаар болов

Венесуэлийн Ерөнхийлөгч Уго Чавес таалал төгссөнтэй холбогдуулан тус улсын удирдлагууд шинэ тэргүүнээ сонгохоор болжээ. Хэдийгээр 2018 он хүртэл төрийн тэргүүнээр ажиллах эрх авсан У.Чавес “Хэрвээ би таалал төгсвөл миний халааг дэд Ерөнхийлөгч Николас Мадурог авна” гэж мэдэгдсэн ч тэрбээр Ерөнхийлөгчийн тангаргаа өргөөгүй байсан юм. Ийнхүү Үндэсний ассамблей ирэх сарын 14-нд Ерөнхийлөгчийн сонгуулийг дахин явуулахаар боллоо. Хэдийгээр Үндэсний ассамблейн гишүүдийн олонхи нь У.Чавесын Нэгдсэн социалист намаас бүрддэг ч тэд ийм шийдвэр гаргаж, дэд Ерөнхийлөгч Н.Мадурог нэр дэвшүүлсэн байна. Харин түүнтэй өнгөрөгч оны аравдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд У.Чавестай өрсөлдөн ялагдал хүлээсэн сөрөг хүчний удирдагч, Миранда мужийн захирагч Энрике Каприлес өрсөлдөхөөр боллоо. У.Чавес таалал төгссөний дараа түүний эрх баригч Нэгдсэн социалист нам дэд Ерөнхийлөгч Н.Мадурог Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилж, 30 хоногийн дотор сонгууль явуулах шийдвэр гаргасан юм. Ямартай ч энэ сонгууль туйлын өрсөлдөөнтэй болох нь дамжиггүй. Учир нь Н.Мадуро ард олны дунд ихээхэн нэр хүндтэй байгаа бол Э.Каприлес өнгөрөгч сонгуульд У.Чавест 44:55 хувийн харьцаагаар ялагдсан юм.




  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)