Фолклендийн санал асуулгыг сонгуулийн шоутай зүйрлэв
- 2013-03-14
- Дэлхий
- 0
Британи, Аргентиний хооронд маргаан тарьдаг Фолкленд буюу Мальвинийн арлууд хэнийх нь харьяалалд орохыг шийдэх бүх нийтийн санал асуулга явуулснаар Британийн эзэмшилд үлдэхээр болсон. Харин Аргентиний Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер үүнийг эрс шүүмжилж, сонгуулийн шоутай зүйрлэжээ. Тэрбээр зурагтаар хэлсэн үгэндээ “Бүх нийтийн санал асуулга нь сонгуулийн үеэр сонгогчдын саналыг луйвардах аргыг хэрэглэсэн будилаантай явдал болсон. Хүмүүсийг ятгаж хууль бусаар саналыг нь авлаа. Энэ санал асуулгын дүн аль хэдийнэ тодорхой болчихсон байсан. Британи арал дахь давамгай байдлаа ашиглалаа” гэжээ. Фолкленд буюу Мальвиний арлууд нь 4000 орчим хүн амтай бөгөөд үүний олонхи нь британи үндэстэн. Олон жижиг арлаас бүрддэг энэ газар үндсэндээ Зүүн, Баруун Фолкленд гэсэн хоёр том арлаас бүтдэг. Хэдийгээр эдгээр арал олон улсын хууль тогтоомжоор хамгийн сүүлийн эзэмшигч буюу Британид харьяалагдах ёстой ч Аргентин үүнийг эрс эсэргүүцэж, НҮБ-д хүртэл гомдол мэдүүлээд буй. Уг бүлэг арал Аргентинаас 300, Британиас 19200 км-ийн зайд оршдог. Хоёр тал түүхийн урт хугацаанд энэ газар нутгийн төлөө олон удаа тулалдсан бөгөөд ихэнхэд нь Британи эзэмшилдээ авч байжээ. Хамгийн сүүлд буюу 1982 оны дөрөвдүгээр сарын 2-нд Аргентиний цэргүүд Фолклендэд довтолж, Британиас булаасан. Үүний улмаас Аргентин, Британи 74 өдөр дайтаж, Аргентин бууж өгснөөр энэ арал Британийн талд дахин үлдэж, түүнээс хойш энэ статусаа хадгалж байна. Тулаанд Аргентинаас 649 цэрэг амь үрэгдэж, 1188 цэрэг шархадсан бол Британийн талаас 258 цэрэг амь үрэгдэж, 777 цэрэг шархаджээ. Кристина Фернандес де Киршнер Мальвиний арлын бүх нийтийн санал асуулгыг хууль ёсных гэж мэдэгдсэн АНУ-ын Төрийн департаментыг буруушааж “Хойд Америкийн Гадаад харилцааны яаманд Өмнөд Америкийн үйл хэрэг хамаагүй” гэжээ. Кристина Фернандес де Киршнер Аргентиний Ерөнхийлөгч болсноос хойш Фолклендийн арлуудын эзэмшлийн талаар Британитай маргалдаж эхэлсэн. Үүний улмаас хоёр орны харилцаа муудаж, Британийн Ерөнхий сайд Аргентиний эрх баригчдаас 35 жилийн өмнөх өрөө нэхэж, “Фолклендийн арлын ирээдүйг оршин суугчид нь өөрсдөө мэдэх ёстой. Тийм боломжийг тэдэнд олгох нь зүйн хэрэг. Тэд Фолклендийг Британийн эзэмшил нутгаар үлдээхийг хүссэн” гэжээ. Эргэн сануулахад, тус арлын бүх нийтийн санал асуулга энэ сарын 10-11-нд болж санал асуулгад оролцогчдын 98.8 хувь нь Британийн захиргаанд үлдэхийг дэмжжээ. Санал хураалтын ирц 92 хувь байжээ.















Сэтгэгдэл (0)