Си Жинь Пин хятадын удирдагч боллоо

Өнгөрөгч оны сүүлээр таван жилд нэг тохиодог Хятадын Коммунист намын их хурал болж ирээдүйн удирдагчаар дэд дарга Си Жинь Пинийг сонгосон билээ. Харин өчигдөр өглөө тэрбээр албан тушаалаа Ху Жин Таогаас хүлээн авч, албан ёсоор Хятадын Ерөнхийлөгч болов. Хятадын Коммунист намын их хурал таван жилд нэг удаа болдог бөгөөд ихэнхдээ 10 жил тутамд удирдлагуудаа сольдог юм. Өөрөөр хэлбэл, өнгөрөгч онд болсон XVIII их хурлаас ирэх 10 жилд Хятадыг удирдах хүнээр Си Жинь Пинийг сонгосон. Гэхдээ таван жилийн дараа түүнийг дахин сонгох эсэх асуудлыг хэлэлцэнэ. Түүнийг өмнөх удирдагчдын адил 10 жил төр барина гэж ихэнх ажиглагч үзэж байна. Үүнээс гадна дээрх хурлын төгсгөлд Ерөнхий сайд болон намд өндөр албан тушаал хашиж буй хүмүүсийг бүрэн бүрэлдэхүүнээр нь сольсон. Энгийн тайлбарлавал, Хятад шинэ удирдлагуудаа сонгосон юм. Харин тэдний тэргүүн Си Жинь Пин удирдагчийн албан тушаалаас гадна Коммунист намын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын болон Коммунист намын цэргийн төв хорооны тэргүүн, Коммунист намын улстөрийн товчооны байнгын хорооны тэргүүнээр давхар томилогджээ. Си Жинь Пин Коммунист намыг байгуулалцсан нөлөө бүхий гишүүн, хувьсгалын баатар Си Жун Сюний хүү бөгөөд энэ намын тав дахь үеийн удирдлагуудын тэргүүн болж байна. “Өдгөө 59 настай 1980-аад оны эхээр Британид Элчин сайдаар ажиллаж байсан Кэ Хуагийн охин Кэ Лин Линтэй гэрлэсэн ч хэдхэн жилийн дараа салж Ардын чөлөөлөх армийн алдарт дуучин Пэн Ли Юаньтай хуримласан. Тэр холливудын Дэлхийн II дайны үеийн киноны хорхойтон” гэж “Викилийкс” цахим хуудас нэгэнтээ мэдээлж байсан. Си Жинь Пин Засгийн газар болон намын бүтцийг хумиж, илүү үр дүнтэй ажиллахад нь анхаараад зогсохгүй авлига, хээл хахуультай тэмцэж, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэ өдрүүдэд Хятадын Коммунист намын Ардын их хурал болж байгаа бөгөөд Си Жинь Пиний дараа дэд даргад Ли Юань Чаог томилжээ. Харин өнөөдөр Ерөнхий сайд Вэнь Зя Баогийн халааг авах хүнийг сонгоно. Албаныхны үзэж буйгаар түүний орыг шадар сайд Ли Кэцян залгах гэнэ. Ингэснээр нэг намын тогтолцоотой тус улсын Коммунист нам доторхи эрх мэдэл шилжүүлэх үйл явц үндсэндээ дуусна. Харин Ардын их хурал ирэх ням гаригт хаалтаа хийх аж.



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)