Аляскийг буцаан авахыг хүсэв
- 2013-03-18
- Дэлхий
- 0
Оросын фундаменталистууд Аляскийг буцаан авахыг хүсч АНУ-ын эсрэг зарга үүсгэлээ. АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ижил хүйстнүүдийн гэрлэлтийг дэмжсэн нь энэ заргын эхлэлийг тавьжээ. Оросын хэт хуучинсаг шашны бүлэг буюу “Пчёлкы” ТББ-ын идэвхтнүүд Москвагийн арбитрын шүүхэд “АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрч байгаа нь Аляскийн христийн үнэн алдартны шашинтнуудын эрх ашгийг зөрчиж байна. Бид залуу христийн шашинтнуудыг нүгэлээс хамгаалах ёстой. Хэрвээ үүнийгээ өөрчлөхгүй бол Аляскийг буцаан авах нь зөв” хэмээн гомдол мэдүүлжээ. Б.Обама ижил хүйстнүүдийг гэрлэлтийг хуульчлах гэж буйгаа нэг бус удаа дуулгасан. Харин “Пчёлкы” ТББ үүнтэй хэзээ ч эвлэрэхгүй гэв. Оросын эзэнт гүрэн 1867 онд Аляскийг АНУ-д нэг га-г нь таван цент буюу 7.2 сая ам.доллараар худалдсан. Тухайн үед Орост Аляскийг хянахад бэрх байснаас гадна энэ бүс нутгийн эзэмшлийн асуудлаар Англитай дайтах хүсэлгүй байжээ. Хэдий тийм ч “Аляскийг маш хямд үнээр худалдлаа гэж оросууд ярьж байгаа. Үнэндээ бол АНУ-д хэнд ч хэрэггүй хөлдүү газрыг манай улс өндөр үнээр худалдаж авлаа” гэж америкчууд ярьж байжээ. Харин XX зуун гарснаар Аляск асар их баялагтай газар болох нь тогтоогдсон. Хайгуулын багууд алт, газрын тос, байгалийн хий зэрэг ашигт малтмалын олон саяар тоологдох нөөцтэй орд илрүүлснээс гадна энэ бүс нутаг загас агнуурын чухал бүс нутаг байв. ОХУ-д Аляскийг АНУ- аас буцаан авах хүсэл багагүй агаад “Бид Аляскт буцаж очно” нэртэй дуу хүртэл зохиогдож байжээ. Саяхан ОХУ-ын төрийн өмчит газрын тос, байгалийн хийн “Роснефть” компани Аляскт ажиллах болсон юм. Тус компани “Exxon Mobile” компанийн Аляск дахь “Point Thomson” төслийн 25 хувийг эзэмшихээр болсон. 
Уг төсөл олон зуун сая торх болон шоо метрээр тоологдох газрын тос, байгалийн хийн нөөц бүхий нийтдээ 100 тэрбум ам.долларын үнэтэй. Юутай ч, Москва Аляскийг хянаж байх үед тус бүс нутагт Оросын 1000 орчим иргэн амьдарч байсан бөгөөд тэд бүс нутгийн уугуул иргэдийг христийн үнэн алдартны шашинд урвуулах үйл ажиллагаа явуулжээ. Өөрөөр хэлбэл, өнөөдрийн байдлаар 700 мянга гаруй хүнтэй Аляскийн оршин суугчдын 50 мянга орчим нь үнэн алдартны шашинтан гэнэ. “Пчёлкы” ТББ энэ иргэдийн эрх ашгийг хамгаалах ёстой. Тэд ижил хүйстний гэрлэлтийг нүгэл хэмээн үзэж байгаа. Б.Обама энэ бүс нутгийн үнэн алдартны шашинтнуудын эрх чөлөөнд заналхийлж байна” гэсэн асуудлаар аль нэгдүгээр сард шүүхэд ханджээ. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сая л мэдээлж байгаа нь энэ аж. Тус ТББ “Хэрвээ АНУ-ын засаг захиргаа шаардлагыг үл тоовол 1867 онд байгуулсан гэрээний асуудлыг хөндөнө” гэжээ. Аляскийг худалдсан уг гэрээнд хоёр тал төлбөрийг алтаар хийнэ гэсэн бөгөөд АНУ чекээр төлжээ. “Пчёлкы” нь ОХУ дахь өнчин хүүхдүүдийн эрхийг хамгаалахаар 2008 онд байгуулагдсан, харьцангуй нэрд гараагүй байгууллага бөгөөд сургууль болон бусад газар дахь сексийн боловсролын эсрэг кампанит ажил явуулж иржээ. Дашрамд дурдахад, Аляска АНУ- ын хамгийн том муж агаад газар нутгийн хэмжээгээрээ Монголоос бага зэрэг том юм.


Сэтгэгдэл (0)