Сирийн шинэ засгийн газрын ерөнхий сайдаар АНУ-ын иргэн сонгогдлоо

Сирийн Засгийн газрын бурангуй дэглэм нурах дөхсөн энэ үед тус улсын сөрөг хүчнийхэн шилжилтийн Засгийн газар байгуулж, тэргүүлэгчээр нь АНУ- ын иргэнийг сонголоо. Товчхондоо энэ Засгийн газар Башар аль-Ассадыг огцорсны дараа Сирийн төрийн эрхийг барина. Хэдийгээр тус улсад олон хүчтэй сөрөг хүчний байгууллага байгаа ч Сирийн хувьсгалт сөрөг хүчний үндэсний эвсэл засаг барих нь нэгэнт тодорхой болсон. Уг байгууллага барууны болон Арабын ертөнцийн зарим орны дэмжлэгтэйгээр 2012 оны арваннэгдүгээр сард Катарын Доха хотод байгуулагдаж, тэргүүнээр нь Арабын Нэгдсэн Бүгд Найрамдах Улс /одоогийн Сири/-д төрсөн лалын шашны нөлөө бүхий эрхэм Ахмед Моаз аль-Хатиб томилогдсон. Саудын Араб, Турк, АНУ зэрэг орноор дамжин амьдарч лалын шашны номлол заасан тэрбээр Башар аль-Ассадын халааг авна. Үүнийг ч дээрх орнууд хүсч байгаа. Харин Ерөнхий сайдаар томилогдсон АНУ-ын иргэн Гассан Хиттогийн хувьд тэрбээр Сирид төрсөн ч амьдралынхаа ихэнх хугацааг АНУ-д ажиллаж, амьдарч өнгөрүүлсэн байна. Барууны боловсролтой тэрбээр Техасын Уэйн хотод амьдардаг агаад мэдээллийн технологийн компанийн эзэн гэнэ. Харин түүний эхнэр Сюзанна Хитто нь хотынхоо нэгэн дунд сургуульд багшаар ажилладаг байна. Гассан Хитто хоёр хүүтэй бөгөөд хоёулаа АНУ-д төрсөн тус улсын иргэн. Хэдийгээр Сирийн хувьсгалт сөрөг хүчний үндэсний эвсэл Ерөнхий сайдаараа Башар аль-Ассадын эцэг, Ерөнхийлөгч Хафез аль-Ассадын үед Хөдөө аж ахуйн сайдаар ажиллаж байсан Ассад Мустафаг сонгохыг хүссэн ч АНУ болон түүний холбоотнууд шаардлага, дарамтан дор ийм сонголт хийжээ. Тодруулбал, АНУ сөрөг хүчний энэ байгууллагад илгээх тусламжаа нэмэгдүүлэх болзолтойгоор ийм санал тавьжээ. Үндсэндээ Сирийн иргэний дайнаар гарч ирсэн борооны дараах мөөг шиг олон сөрөг хүчний байгууллагууд АНУ болон түүний холбоотон орнуудын хүмүүнлэгийн тусламж, мөнгө, зэвсэг гэх мэт тусламж дэмжлэгээр оршин тогтнодог юм. Юутай ч, Сирийн шинэ үеийг эх орноосоо олон жил хол байсан баруунд элэгтэй бизнесмэнүүд удирдах нь ээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ***** (84.52.73.173)

    2013-03-20

    Buzar amerikiin bolon nato-giin aluurchdad aguu oros oron ATOM- vxliin coxilt egch vxel zoblon jamar xecvv baigiig medvvlex boltugai Aguu Putin SHOIGU nar aixgui