Мальвины арлуудын маргаанд дэмжлэг хүсэв
- 2013-03-20
- Дэлхий
- 0
Аргентиний Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер Ромын шинэ пап Фрэнсистэй уулзах үеэр Мальвиний арлуудын асуудалд дэмжлэг үзүүлэхийг хүсэв. Аргентиний иргэн, тус улсын католик шашны тэргүүн Хорхе Марио Бергольо Ромын папаар сонгогдож Фрэнсис нэр авсан юм. Кристина Фернандес де Киршнер Италийн төвд орших Ватикан улсад зочилж түүнтэй уулзсан бөгөөд Аргентин, Британийн хооронд маргаантай Мальвин буюу Фолклендын арлуудын асуудалд анхаарлаа хандуулж, энэхүү бүлэг арлыг Буэнос-Айресын талд шилжүүлэхэд тусламж үзүүлэхийг хүссэн байна. Үүний хариуд пап Фрэнсис хоёр талын хооронд яриа хэлэлцээр хийхэд зуучилна гэдгээ илэрхийлжээ. Пап Фрэнсис Кристина Фернандес де Киршнер болон түүний талийгаач нөхөр, Ерөнхийлөгч Нестор Киршнертэй ойр дотно харилцаж ирсэн байна. Тиймдээ ч Кристина Фернандес де Киршнер пап Фрэнсистэй үдийн зоог барьж, 15-20 минут ярилцсаныхаа дараа сэтгүүлчдэд “Би түүнээс Өмнө Атлантын далайд орших Их Британийн цэргийн зорилгоор ашиглаж буй Мальвиний арлуудыг буцаан авахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн. Уулзалт амжилттай болсон” гэж мэдэгджээ. Дашрамд сонирхуулахад, Аргентиний Хорхе Марио Бергольо Латин Америкийн бүс нутгаас Ромын папаар сонгогдсон анхны хүн бөгөөд Кристина Фернандес де Киршнер шинэ паптай уулзсан анхны төрийн тэргүүн боллоо.





Сэтгэгдэл (0)