Дуэйн Уэйд: Леброн Жеймстэй мөр зэрэгцэн тоглож, анд нөхөд байх нь нэр төрийн хэрэг

NBA-гийн 2012-2013 оны ули­ралд “Дорнод” бүсийн “Майами Хит” баг гайхалтай амжилт үзүүлж, аваргаа хамгаалах итгэл төгс байгаа. Энэ улиралд Леброн Жеймс ба түүний нөхөд 25 дараалан ялж, NBA-гийн бүх цаг үеийн түүхэнд хоёрдугаарт бичигдэх болсон. Хэдийгээр улирлын бүх тоглолтод NBA-гийн гурван удаагийн MVP Леброн Жеймс тун гайхалтай тоглож байгаа ч түүний хамтрагч Дуэйн Уэйдийг орхиж болохгүй. Тэрбээр энэ улиралд 21.5 оноо цуглуулж, таван удаа самбараас бөмбөг авч, төдий тооны дамжуулалт өгөөд байгаа. Мөн нийт 52.3 хувьтай довтолж буй нь түүний замналын хамгийн дээд үзүүлэлт юм. Ингээд Уэйдийн “Sportsillustrated” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэе.
48fca720-b055-5c25-c847-60f90d5fc35f-beta09_fb_dwaynewade_1

   NBA-гийн 2012-2013 оны ули­ралд “Дорнод” бүсийн “Майами Хит” баг гайхалтай амжилт үзүүлж, аваргаа хамгаалах итгэл төгс байгаа. Энэ улиралд Леброн Жеймс ба түүний нөхөд 25 дараалан ялж, NBA-гийн бүх цаг үеийн түүхэнд хоёрдугаарт бичигдэх болсон. Хэдийгээр улирлын бүх тоглолтод NBA-гийн гурван удаагийн MVP Леброн Жеймс тун гайхалтай тоглож байгаа ч түүний хамтрагч Дуэйн Уэйдийг орхиж болохгүй. Тэрбээр энэ улиралд 21.5 оноо цуглуулж, таван удаа самбараас бөмбөг авч, төдий тооны дамжуулалт өгөөд байгаа. Мөн нийт 52.3 хувьтай довтолж буй нь түүний замналын хамгийн дээд үзүүлэлт юм. Ингээд Уэйдийн “Sportsillustrated” сэтгүүлд өгсөн ярилцлагыг хүргэе.

-“Майами Хит” багт 10 улирал тоглохдоо бүрэлдэхүүний өөрчлөлт, уналт сэргэлт гээд олон зүйлийг туулж үзсэн. Энэ хугацаанд таны тоглолт хэрхэн хувьсан өөрчлөгдсөн бэ?

-Би энэ хугацаанд маш олон удаа уусч зохицох, дасах шаардлагатай байсан гэж боддог. Лигт анх элссэн улиралдаа зөвхөн залуу насны ааг омог, хурд, хүчний давуу байдалдаа тулгуурлан тоглодог байв. Тухайн үед ур ухаан, эв гэхээс илүүтэйгээр өөрийн давуу талуудаа ашиглан амжилт үзүүлж байсан. Тэр үед баг маань сэргээн босголтын үе дээрээ явж байсан болохоор багахан амжилтыг маш томоор хардаг байлаа. Дараа нь манай багт Шакил О`Нил нэгдэж, бидний зорилго тэмүүлэл өөрчлөгдсөн гэж хэлж болно. Лигийн аварга цолыг гурван ч удаа хүртсэн хүчирхэг төвийн тоглогч бидэнтэй нэгдсэнээр аварга цолны төлөө өрсөлдөх боломж гарч ирсэн. Тухайн үед би залуу хэдий ч багийн лидерийн үүргээ ухамсарлаж, аваргын төлөө бүх хүчээ дайчлах шаардлагатай болсон байлаа.

Удалгүй зорилгынхоо нэг хэсгийг биелүүлж, аварга болчихоод байтал Шак явж, “Майами” дахин сэргээн босголтын явцад шилжсэн. Миний хувьд ч ялгаагүй гэмтэл бэртэл авч, улирлыг амжилт муутайхан үдэх болсон. Гэхдээ хувийн статистик үзүүлэлтээр лигийн тэргүүн эгнээнд бичигдэж байсан ч миний гол зорилго дахин NBA-гийн аварга болох байлаа. Мөн тэр үед гэр бүлийн амьдралд асуудал гарч, түүнийг зохицуулах шаардлагатай болсон. Улмаар “Бээжин-2008” олимпийн наадмын өмнө бэртэл гэмтэл бүрэн илааршиж, тэр хэрээр өөрийн шилдэг тоглолтоо үзүүлэх болсон. Одоо харин “Майами”-гийн түүхэн үе буюу хүмүүсийн хэлдгээр “Их гурвал”-ын үе үргэлжилж байна. Сүүлийн хоёр улиралд бид NBA-гийн аваргын төлөө өрсөлдөж, нэг удаад нь аваргалсныг та бүхэн сайн мэднэ. Бид бие биетэйгээ сайн ойлголцдог учраас энэ бүрэлдэхүүнээ хадгалж, цаашид аваргын бөгжөө нэмэхийг хүсч байна.

-NBA-гийн аваргын цомыг хоёр удаа гардсан. Танд аль нь гүнзгий мэдрэмж төрүүлсэн бэ?

-Мэдээж, анхных нь. 2006 оны финалын тоглолтын үнэхээр итгэмээргүй үр дүнд баг маань ялж, NBA-гийн аварга болсон нь миний амьдралын хамгийн сайхан мөч. Өдгөө багийн ерөнхий менежерээр ажиллаж байгаа Пэт Райли тухайн үед биднийг удирдаж, NBA-гийн оргилд хүргэсэн. Дээрээс нь Шак, Алонзо Моурнинг, Гэри Пэйтон, Энтуан Уолкер нарын хашир туршлагатай тоглогчид дор бүрнээ өөрийн үүргээ гайхалтай биелүүлж, байснаар бид NBA-гийн аварга болсон гэж боддог. “Майами” түүхэндээ анх удаа NBA-гийн аварга болоход Флорида муж даяар биднээр бахархаж байлаа. Бид аваргын төлөөх тоглолтын цувралын эхний хоёр тоглолтод “Даллас Маверикс”-т дараалан хожигдож, тун хэцүү байсан. Гэхдээ бид тийм сул дорой байхыг хүсээгүй, Даллас”-ыг дөрөв дараалан ялж, мөрөөдлийнхөө үзүүрээс бага ч болтугай атгасан даа.


-Хоёр жилийн өмнө та бүхэн “Даллас”-тай дахин финалд таарахад тэд даагаа нэхэж чадсан. Танай баг тэрхүү цувралд яагаад хожигдсон гэж боддог вэ?

-Ялалт, ялагдал ээлжилж байдаг хойно. Бид дахин аваргалахыг үнэхээр хүсч байсан. Гэвч “Даллас” биднээс хамаагүй илүү тоглосон болохоор аваргын цом гардах нь шударга явдал. Тухайн үед Леброныг тааруухан тоглож, “Майами” аварга болж чадсангүй гэж олон хэвлэлээр дайрч байсан. Леброн гэлтгүй бид бүгдээрээ тааруухан тоглож, ялагдал хүлээсэн. Харин өнгөрсөн жил биднийг аварга болоход өмнө нь газар ортол муулж байсан сэтгүүлч, тоймчид эсрэгээрээ бичих болсонд гайхдаг.

Та талбай дээр хуучин үеэсээ ялгаатай нь одоо юу хийж байна вэ?

Намайг анх сагсан бөмбөгийн спортод дурлаж байх үед аавынхаа хэлсэн захиас бүрийг одоо ч гэсэн дагаж мөрддөг. Аав маань надад “Бүх зүйлийг хийж чаддаг өв тэгш тоглогч” байгаарай гэсэн үнэт сургаалыг үргэлж хэлдэг байсан. Би сагсан бөмбөгийн замналаа эргэн харахад эхний жилүүдэд оноо цуглуулахыг л чухалчилдаг байсан. Тэр хэрээр намайг тухайн үе онооны машин гэж нэрлэдэг байлаа. Гэхдээ эцгийнхээ хэлсэн үгийг үргэлж санаж, оноо авалт, самбараас бөмбөг авах гээд бүхнийг хийсээр ирсэн гэж боддог. Бүх зүйлийг өв тэгш үзүүлэхийг хичээдэг зан чанар маань сүүлийн хоёр гурван жил бусдад илүү харагдаж, анзаарагдаж байгаа болов уу. Учир нь Леброн Жеймс манай багт ирснээр миний хувьд бөмбөг байнга эзэмших боломжгүй болсон. Үүнийг би сөрөг биш эерэг байдлаар харж, бөмбөг эзэмшиж, оноо түүхээс гадна бусад зүйлд тэнцүүхэн байхын эрмэлзэн тоглож байгаа. Ний нуугүй хэлэхэд Леброн Жеймс бол Леброн Жеймс шүү дээ. Тэр өнөө цагийн сагсан бөмбөгийн хамгийн шилдэг хамгийн хүчирхэг тоглогч. Түүнтэй нэг багт мөр зэрэгцэн тоглож, анд нөхөд байх нь миний хувьд нэр төрийн хэрэг гэж үздэг.

Танай баг үргэлж олны анхаарлын төвд байдаг. Та бүгдийн хэлсэн үг, өмссөн хувцас гэх мэт хэл ам дагуулж байдаг. Үүнээс үүдэн та нарын олон нийттэй харилцах, биеэ авч явах байдалд өөрчлөлт орсон уу?

Бага зэрэг болгоомжлох, биеэ цэгнэх шинжтэй болсон шүү. Хуучин үеийг бодвол өнөө цагт нийгмийн харилцааны сүлжээ маш хурдтай хөгжиж, мэдээлэл гэрлийн хурдаар өсөх болсон. Тэр үүднээс хэлэх үг, гаргах ааш авир, хандлагаа сайтар бодож, цэгнэх шаардлага гарч ирсэн. Гэхдээ хэтэрхий болгоомжлоод байвал хүн өөрийнхөөрөө байж чадахгүй шүү дээ. Тиймээс бид төгс хүмүүс биш, алдаж онохыг алийг тэр гэх вэ. Гаргасан алдаандаа суралцаж, дараа нь алдахгүй байхын төлөө явна шүү дээ. Хүмүүсийн анхаарлын төвд байдаг гээд бидэнд гомдоллоод байх зүйл үгүй. Жеймс, Бош хоёрыг ирсний дараа ийм зүйл болно гэдгийг бид мэдэж, тэр хэрээр бэлтгэлтэй байлаа.

Таныг одоо аз жаргалтай байлгаж байгаа зүйл замналын эхэн үеийнхтэй харьцуулахад өөрчлөгдсөн үү?

Юуны түрүүнд бид тогтмол ялалт байгуулж байна. Авч буй ялалт болгоны тоогоор бид сэтгэлийн таашаал эдэлж байдаг. Сүүлийн хэдэн улиралд манай багийн дундаж ялалтын тоо огцом өссөн. Бид хоорондоо уусан зохицож чадсан нь харагдаж байгаа болов уу. Ялагч байна гэдэг өөрөө гайхалтай мэдрэмж. Замналынхаа энэ үед би хамгийн олон ялалт байгуулж, аварга цолыг олон удаа хүртэх боломжоор хангагдаад байна. Түүнээс гадна одоо багийн дотоод уур амьсгал миний “Майами”-д тоглож байсан үе үеийн баг дотроос шилдэгт тооцогдоно.

Танай багийнхан хамгийн сүүлд бүжгийн гайхалтай хувилбарыг үзүүлсэн. Энэ ч олон нийтийн анхаарлыг их татаж байгаа шүү?

Тийм ээ. Бид багаараа “Харлем Шейк” бүжгийн хувилбарыг хийсэн. Бид үргэлж хөгжилдөж, халуун дотно байдаг гэдгээ харуулахыг зорьсон юм. Бидний видео бичлэгээс манай багийнхан ямар хөгжилтэй байдгийг харж болно шүү. Манай багийнхан тоглолтын өмнө болон дараа нь ийм л уур амьсгалтай байдаг. Ингэж чадваас бид хоорондоо маш сайн ойлголцдог гэж хэлж болно.

Та хоёр удаа NBA-гийн аварга болсноос гадна цуглуулгад чинь олимпийн алтан медаль бий. Хувийн шагнал ч олныг хүртсэн. Одоо таныг хийж бүтээх эрмэлзлээр хурцалж өгөх шагнал үлдсэн үү. Та цаашид юуны төлөө тоглох вэ?

Миний замналын хувьд хувийн амжилт гэхээс илүү багийн амжилтыг чухалчлах цаг үе дээрээ ирээд байна. Одоо хль болох олон удаа NBA-гийн аварга болохын төлөө тоглоно. Манай багт Леброн Жеймс, Крис Бош гээд лигийн шилдгүүдээс гадна Рэй Аллен, Шейн Баттьер, Майк Миллер гээд туршлагатай, үүргээ тун сайн ухамсарладаг тоглогчид бий. Бид ийм сайхан боломжийг алдалгүй, дахин аварга болохын төлөө бүхнийг зориулна.

Та аялан тоглолт, бэлтгэл гээд үргэлж завгүй байдаг. Гэр бүлдээ цаг гаргаж чадаж байна уу?

Зөвхөн тоглогчийн карьер гэхгүйгээр сайн аав байх нь миний хувьд маш чухал. Би хэдийгээр маш завгүй байдаг ч гэр бүлдээ цаг гаргахыг хичээдэг. Хүүхдүүдийнхээ сайн сайхны төлөө хийх зүйл надад их байна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • вэйд (49.0.134.165)

    2013-03-31

    энэ цаг үеийн шилмэлдүүдийн нэг тамирчин нь шүү.

  • zochin (76.164.234.35)

    2013-03-30

    27 daraalj hojsiishdee

  • aaa (182.160.55.146)

    2013-03-30

    ter bol aguu toglogch lebron bosh geed unuu tsagiin shildgvvd miamigiin urt vrgeljleh boltugai amjilt

  • aagii (182.160.55.146)

    2013-03-30

    ter bol aguu toglogch lebron bosh geed miamiigiin orgil ve shvv amjilt amjilt