Өсвөрийн боксчид ганзага дүүрэн ирлээ
- 2013-04-02
- Спорт
- 0
Сүүлийн үед манай боксчид тэмцээнд одтой оролцож байгаа билээ. Энэхүү буухиаг үргэлжлүүлж өсвөрийн боксчид маань ОХУ-ын Буриад Улсын Сибирт болсон тэмцээнд бахдам амжилт гаргав. Тэмцээн дөрөв хоног үргэлжилсэн бөгөөд өнгөрсөн баасан гаригт аваргуудаа тодруулсан юм. Монгол, Казахстан, Буриад, Эрхүү, Ангарск, Шелхова болон 15 мужаас ирсэн ширэн бээлийтнүүд таван насны ангиллаар өрсөлджээ. Ийнхүү өсвөрийн боксчид гурван алт, дөрвөн мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна. Тодруулбал, Г.Дөлгөөн 30кг/, Б.Мишээл /50кг/, Б.Есүхэй /54 кг/ нар алтан медаль хүртсэн юм. Мөн Д.Ганболд /28 кг/, С.Мөнхбаатар /30 кг/, М.Батбаяр /57 кг/, М.Төрмөнх /63 кг/ нар мөнгөн медалийн эзэн болж медалийн тавцанд гарсан байна. Тэмцээнд Биеийн тамир, спортын дунд сургуулийн 21 тамирчин сурагч, дасгалжуулагч багш С.Дашбурам, Б.Оюунболд нарын удирдлага дор оролцжээ. Сонирхуулахад, боксын ОУХМ Б.Ганбаатарын нэрэмжит өсвөрийн боксын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын дундуур Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт суманд болох юм байна.

Сэтгэгдэл (0)