
НҮБ-ын Ерөнхий ассамблей Дэлхийн зэвсгийн худалдааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл хэлэлцэхээр хуралдлаа. Хэрвээ энэ төслийг Ерөнхий ассамблейн гишүүн 193 орны гуравны хоёр нь дэмжвэл Хойд Солонгос, Иран, Сирид ОХУ, Хятад зэрэг орон зэвсэг нийлүүлэх эрхгүй болно. Тодруулбал, дээрх гурван оронд зэвсэг нийлүүлдэг болон нийлүүлэх хүсэлтэй орнуудад энэ хориг үйлчилнэ. Мэдээж АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд Сирийн босогчдыг зэвсгээр хангадгийг эс тооцвол Хойд Солонгос, Иран, Сирид ийм төрлийн бүтээгдэхүүн худалддаггүй. НҮБ- ын дүрмээр дээрх хуулийн төсөл батлагдахад хамгийн багадаа 193 орны гуравны хоёр нь дэмжих шаардлагатай. Хэдий тийм ч ОХУ, Хятад болон энэ хоёр улсын холбоотон нийлээд гуравны нэгээс давахгүй. Өөрөөр хэлбэл, хориг тавигдах нь бараг тодорхой болж байна. Гэхдээ ОХУ, Хятад Улс хоёр Сирид цэрэг оруулах Ерөнхий ассамблейн олонхийн шийдвэрийн эсрэг хүчтэй зогссон шигээ энэ хуулийн төслийг бойкотлохыг үгүйсгэхгүй. ОХУ Солонгосын хойгт дайны аюул нүүрлэсэнд Хойд Солонгос, АНУ- ыг шүүмжилж, хурцадмал байдлаа намжаахыг уриалсан байр сууринаас харахад дээрх хуулийн төслийг дэмжиж магадгүй гэсэн дүр зураг харагдаж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийд зэвсгийн экспортоор АНУ, ОХУ, Герман, Франц, Хятад Улс нэрсийн дарааллаар эхний тавд бичигдэж буй. Харин Дэлхийн зэвсгийн худалдааны гэрээнд анх удаа тавигдах гэж буй шинэ хориг ОХУ, Хятадын зэвсгийн худалдааны гарцыг багасгана.

Нөгөөтэйгүүр Хойд Солонгос, Иран, Сири ОХУ, Хятадаас багагүй зэвсэг худалдан авдаг юм. НҮБ-ын Ерөнхий ассамблейн хуралдаантай холбогдуулан Хойд Солонгос дотоодын нөөц бололцоогоо дайчлахаар цөмийн реакторуудаа ажиллагаанд оруулахаар боллоо. Товчхондоо, Хойд Солонгос гаднаас зэвсэг авах боломжгүй болсон ч дотоодоосоо хангахаар болж байна. Ялангуяа цөмийн зэвсгийн нөөцөө нэмэгдүүлэх гэж байна. Хойд Солонгос Улс Йонбене дэх цөмийн гол цогцолборынхоо үйл ажиллагааг 2007 оноос хойш ажиллуулаагүй. Харин хамгийн томд тооцогдох энэ цогцолборынхоо төхөөрөмжүүдийг бүрэн хүчин чадлаар нь ажиллуулна гэдгээ мэдэгдлээ. Гэхдээ үүнд багагүй хугацаа шаардагдах нь. Учир нь Пхеньяний эрх баригчид АНУ, Өмнөд Солонгосоос хүнсний тусламжийн хариуд энэ цогцолборын хөргөх цамхгийг устгасан юм. Хэдийгээр Хойд Солонгос энэ мэт шийдэмгий алхам хийж, байлдааны нэгдүгээр зэргийн бэлэн байдлаа цуцлаагүй ч АНУ-ын тагнуулын албаныхан “Хойд Солонгост цэргийн томоохон хөдөлгөөн илрээгүй” гэж мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, энэ нь одоохондоо дайн эхлэхгүй гэсэн үг. Гэсэн ч АНУ Солонгосын хойг уруу пуужин амдан устгагч хөлөг онгоцоо илгээлээ. Уг хөлөг онгоц Хойд Солонгосоос хөөрсөн пуужингуудыг замд нь устгаад зогсохгүй Хойд Солонгост цохилт өгөх чадвартай аж. Үүнээс өмнө АНУ- ын эрх баригчид Ираныг Ормузын хоолойг хаахыг эсэргүүцэж иймэрхүү төрлийн хүчирхэг хөлөг онгоцоо Персийн булан уруу илгээж байсан юм. Дашрамд дурдахад, ийм хөлөг онгоц илгээхэд ихээхэн зардал гардаг бөгөөд шаардлагатай тохиолдолд л илгээдэг ажээ.
Сэтгэгдэл (2)
***** (202.70.36.98)
эсрэгээр нь Америкт ***** нийлүүлэх, тэднээс авахыг хориглох хуультай болмоор юм. Энэ дэлхийд одоо ганцаараа улс юм шиг аашлах юмаа
Baagii (202.131.231.26)
Yamar ch medleggui gar uuniig bichee veedee. NUB -iin AZ ali CH gishuun NEGDSEN UNDESNII BAIGUULLAGIIN SHIIDVERT HORIG TAVIH ERGHTEI. Ted zevsgee zarahiig husvel horig taviad l duusaa. AZ iin 2 gishuun baihad yu yariad tenegteed baigaan?