
Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын төрийн эрхийг зэвсгийн хүчээр булаан авсан “Сонгогдмол” хэмээх босогчдын бүлгийн тэргүүн Мишель Жотодия өөрийгөө энэ улсын Ерөнхийлөгчөөр зарласан билээ. Харин Африкийн бусад орны төрийн тэргүүн нар түүнийг Төв Африкийн Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ бүс нутгийн дээд хэмжээний уулзалтын өмнө мэдэгдсэнийг “Франс- Пресс” агентлаг мэдээллээ. Мишель Жотодия тэргүүтэй “Сонгогдмол” бүлгийн зэвсэгт дайчид өнгөрөгч гуравдугаар сарын 23-24-нд шилжих шөнө нийслэл Бангуй хотод орж ирэн Ерөнхийлөгчийн ордныг эзэлсэн юм. Үүний улмаас тус улсын Ерөнхийлөгч Франсуа Бозизе Камерун уруу зугтсан. Мишель Жотодия өөрийгөө Ерөнхийлөгчөөр зарлаад зогсохгүй өнгөрөгч сарын 26-нд парламент, Засгийн газрыг тарааж, Үндсэн хуулийг хүчингүй болгосон юм. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Мишель Жотодия тэргүүтэй босогчдыг төрийн эрхийг хүчээр булаан авсныг эрс шүүмжлээд Үндсэн хуулийг буцааж хэрэгжүүлэхийг шаарджээ. Мөн Европын холбооны Гадаад бодлогын тэргүүн Кэтрин Эштон “Сонгогдмол” бүлгийнхнийг шүүмжилсэн юм. Үүний хариуд Мишель Жотодия “Ил тод, чөлөөт сонгууль явуулж төрийн тэргүүнийг сонгоно” гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл (0)