
ОХУ-ын Төрийн думын аюулгүй байдал, авлигатай тэмцэх хорооны дэд дарга, Либерал ардчилсан намын гишүүн Андрей Луговой бизнесмэн Борис Березовскийн үхлийг аллага байж магадгүй гэж мэдэгдлээ. 1990-ээд оны ОХУ-ын хамгийн зартай олигархуудын нэг Б.Березовский өнгөрөгч гуравдугаар сарын 23-нд Британи дахь гэрийнхээ угаалгын өрөөнөөс нас барсан олдсон. Түүнийг нас барсны дараа ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд гэм буруугаа хүлээж, эх орондоо буцаж очихыг хүссэн захидал илгээж байсныг албаныхан мэдээлсэн юм. Тэгвэл энэ нь эсрэгээрээ эргэж ОХУ-д очсоныхоо дараа нууцлагдаж үлдсэн хэргүүдийг задалж магадгүй гэсэн хардлага бий болгосноос амь насаа алдсан гэх таамгийг барууны ажиглагчид дэвшүүлээд байна. А.Луговой цааш нь “Б.Березовскийн үхлийн шалтгааныг шалгаж байна. Хэрвээ тэр гаднын нөлөөтэйгээр нас барсан байлаа ч би хэн нэгнийг зэмлэхийг хүсэхгүй байна. Гэхдээ Британийн тагнуулын албыг энэ хэрэгт оролцсон байхыг үгүйсгэхгүй” гэжээ. Дашрамд дурдахад, Андрей Луговойг Британийн тагнуулын алба ОХУ-ын Улсыг аюулаас хамгаалахын хуучин ажилтан Александр Литвиненкогийн үхэлд Дмитрий Ковтуны хамт сэжиглэдэг бөгөөд шилжүүлэн өгөхийг Москвагаас хүссэн. Харин Москва Британиас улстөрийн орогнол авч, энэ улсын тагнуулаар ажиллаж байсан А.Литвиненкогийн үхэлд Андрей Луговой, Дмитрий Ковтун нар ямар ч холбоогүй хэмээн шилжүүлэхээс татгалзсан юм. Үнэндээ Андрей Луговойн улмаас ОХУ, Британийн харилцаа ихээхэн муудсан. Ямартаа ч, Британийн тагнуулын алба Александр Литвиненко полоний-210 хэмээх цацраг идэвхт бодист хордохоосоо өмнө Лондонгийн “Милленниум” зочид буудалд өмнө нь ОХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хороонд хамт ажиллаж байсан найз нар болох Андрей Луговой, Дмитрий Ковтун нартай уулзаж цай уусныг тогтоосон юм. Тэгвэл Улсыг аюулаас хамгаалахын хуучин ажилтан, Ерөнхийлөгч, Нэгдсэн Орос намын гишүүн Владимир Путинтай муудалцсаны улмаас Британи уруу дүрвэсэн тэрбумтан Борис Березовский Александр Литвиненкотой найз байсны хувьд түүний эхнэрт нөхрийнхөө үхлийн шалтгааныг тогтооход нь зориулж санхүүгийн дэмжлэг үзүүлж байсан юм.
Сэтгэгдэл (0)