АНУ буруу ойлголт төрүүлэхээс эмээв

АНУ энэ долоо хоногт туршихаар төлөвлөж байсан “Minuteman-3” пуужингийнхаа туршилтыг хойшлууллаа. Албаныхны хэлснээр, пуужин хөөргөхийг ирэх тавдугаар сар хүртэл хойшлуулжээ. Калифорниос хөөргөхөөр төлөвлөсөн энэ пуужин нь тив алгасагч баллистик пуужин бөгөөд цөмийн цэнэгт хошуу тээдэг байна. Барууны хэвлэлүүд Цагаан ордон, Пентагоны удирдлагуудын уулзалтын дараа хойшилсон дээрх пуужингийн туршилттай холбогдуулан “АНУ Хойд Солонгост буруу ойлголт төрүүлж, үл ойлголцол бий болгохоос зайлсхийлээ” хэмээв. Энэ нь ч үнэний ортой болохыг албаныхан нуугаагүй байна.
  АНУ энэ долоо хоногт туршихаар төлөвлөж байсан “Minuteman-3” пуужингийнхаа туршилтыг хойшлууллаа. Албаныхны хэлснээр, пуужин хөөргөхийг ирэх тавдугаар сар хүртэл хойшлуулжээ. Калифорниос хөөргөхөөр төлөвлөсөн энэ пуужин нь тив алгасагч баллистик пуужин бөгөөд цөмийн цэнэгт хошуу тээдэг байна. Барууны хэвлэлүүд Цагаан ордон, Пентагоны удирдлагуудын уулзалтын дараа хойшилсон дээрх пуужингийн туршилттай холбогдуулан “АНУ Хойд Солонгост буруу ойлголт төрүүлж, үл ойлголцол бий болгохоос зайлсхийлээ” хэмээв. Энэ нь ч үнэний ортой болохыг албаныхан нуугаагүй байна. Дайны бэлэн байдал зарлаад буй Хойд Солонгос АНУ-ын агаарын зайг ажиглаж байгаа ба АНУ ч гэсэн мөн адил Хойд Солонгосыг ямар нэгэн гэнэтийн үйлдэл хийхийг ажиглаж байна. Учир нь иймэрхүү жижиг үйлдэл битгий хэл шүдэнз зурах төдий гал асахад дайн болох аюулт байдал үүсээд байна. Тиймээс талууд маш болгоомжтой хандаж байгаа юм. Хойд Солонгос үүнээс өмнө АНУ-ын цэргийн зориулалттай үйл ажиллагаануудыг “Биднийг өдөөн хатгалаа. Цохилт өгнө” хэмээн заналхийлсээр байв. Хамгийн сүүлд буюу өнгөрөгч баасан гаригт тус улс пуужин хөөргөх хөдөлгөөнт тавцангаа хөдөлгөж АНУ-ын Номхон далай дахь Гуам аралд цохилт өгөх боломжтой болгосноо мэдэгдсэн юм. Өнгөрөгч гуравдугаар сард болсон Хойд Солонгосын Хөдөлмөрчдийн намын Төв хорооны бүгд хурал болж, Ким Жон Ун дотоодын цөмийн хүчин чадлыг нэмэгдүүлэхийг үүрэг болгохын сацуу энэ ажилд бүх бололцоогоо дайчлахыг тушаасан. Мөн зэвсэгт хүчиндээ АНУ-д өршөөлгүй хандаж нэг дайралтаар сөнөөх эрх олгожээ. Үүнд мэдээж цөмийн цохилт багтаж байгаа юм. Тиймээс АНУ стратегийн чухал ач холбогдолтой “Minuteman- 3” пуужингийнхаа туршилтыг хойшлуулжээ. Үүгээрээ Пхеньянд буулт хийж, ялагдал хүлээсэн мэт харагдаж байгааг ажиглагчид дурдалгүй орхисонгүй. Үүнээс өмнө тус улс Хойд Солонгосын удаа дараалсан заналхийллийн хариуг тэр дор нь барьж, буулт хийх бодолгүй байгаагаа илэрхийлсэн. Нөгөөтэйгүүр “Гуамд цохилт өгөхөөр хөдөлгөөнт тавцангуудаа байршуулсанд санаа зовохгүй байна. АНУ Хойд Солонгосын пуужингийн довтолгоонд цочирдохгүй” хэмээжээ. Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлагийн мэдээлснээр, Хойд Солонгос Гуамд цохилт өгөхөөр зүүн эрэг дээр 3000-4000 км-ийн тусгалтай “Мусудан” хэмээх хоёр пуужин цэнэглэжээ. Мөн дундын зайн тусгалтай эл баллистик пуужин Гуамд хангалттай хүрч чадна гэдгийг онцолжээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жей Карни энэ тухай “Хойд Солонгосын энэ үйлдэл тус улсыг улам тусгаарлаж байна” гэжээ. Шведийн Гадаад харилцааны яамны хүлээн авагч Кент Оеберг “РИА-Новости” агентлагт утсаар өгсөн мэдээлэлдээ Стокгольмд Швед болон Хойд Солонгосын Гадаад харилцааны яамны төлөөлөгчид уулзаж Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаах, тэр дундаа Элчин сайдын яамдын аюулгүй байдлын талаар хэлэлцсэн тухай дурджээ. “РИА-Новости”-д харин Шведийн дипломатчид Хойд Солонгосын албаныхантай уулзахдаа АНУ-ын сонирхлыг төлөөлсөн гэв. Шведээс гадна Британи, Хятад Пхеньян дахь гадаадын Элчин сайдын яамдын ажилтнуудын аюулгүй байдалд санаа зовж байгаагаа мэдэгдсэн ч Шведийг бодвол харьцангуй шүүмжлэлтэй хандсан. Британийн Гадаад харилцааны яам “Хойд Солонгос Элчин сайдын яамдын аюулгүй байдлыг хангаж чадахгүй” гэсэн бол Хятадын Засгийн газар Хойд Солонгосоос Хятадын Элчин сайдын яамны аюулгүй байдлыг хангахыг шаардаж, “Венийн конвенц, олон улсын хууль дүрмийн дагуу Хойд Солонгос Пхеньян дахь гадаадын Элчин сайдын яамдын аюулгүй байдлыг өөрсдөө хангах ёстой” гэв. Мөн өөрсдийн ажилтан, албан хаагчдын аюулгүй байдал болон Солонгосын хойгийн асуудалд санаа зовж буйгаа мэдэгджээ. Одоогийн байдлаар Хойд Солонгос хэд хэдэн орон, түүний дотор ОХУ-ыг Пхеньянаас дипломатчдаа татахыг зөвлөөд байгаа аж. Юутай ч тус улс гадаадын Элчин сайдын яамдын аюулгүй байдлыг хангаж чадахгүй тул энэ сарын 10-ны дотор дээрх орнуудыг дипломатчдаа татахыг хүсчээ. Пхеньянд гадаадын Элчин сайдын 24 яам байдаг гэнэ.

Э.ТӨГС
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • ккк,,, (202.126.89.177)

    2013-04-08

    АНУ пуужингийн туршилт хийж болдог байхад бусад нь болдоггүй юм уу

  • Э.ТӨГС (202.9.47.130)

    2013-04-08

    ТИЙМ ҮҮ