Т.Энхжаргал: Азийн аварга хэмээх нэр хүнд надад асар их үнээр олдсон

- Багш маань машинаа зарж намайг энэ тэмцээнд оролцуулсан -
Монголын дугуйн спортын түүхэнд шинэ хуудас нэмж, Энэтхэгт болсон дугуйн Азийн аварга шалгаруулах тэмцээнээс спортын мастер Т.Энхжаргал анх удаа алтан медаль зүүж төрийн далбаагаа мандуулсан. Үнэндээ хэн ч түүнийг алтан медаль аваад ирэх юм чинээ санаагүй. Бүр зарим салбарын нөхөд нь туршлага судлаад ирээрэй гэж ч хэлсэн гэдэг. Гэсэн ч 20 настай охин Азийн шилдэг дугуйчидтай өрсөлдөж барианд орсон нь бусад улсын тамирчдыг ёстой гайхшруулсан юм. Т.Энхжаргалын хувьд энэ нь анхны олон улсын тэмцээн байжээ.
-Азийн аварга болсонд баяр хүргэе. Туршлагагүй хэрнээ олон улсын тэмцээнд оролцохоор зүтгэсэн Та зоригтой юм аа?
-Үнэндээ медаль авсандаа өөрөө ч итгээгүй. Үеийнхээ тамирчидтай өөрийнхөө чадлыг үзэж байгаагүй болохоор ёстой л юу ч мэдэхгүй явлаа. Тэр үед багш маань намайг зоригжуулж хүч хайрласан. Манай багшийг Даваатогтох гэдэг. Дугуйн спортоор 12 жил хичээллэсэн Олон улсын хэмжээний мастер хүн бий. Одоо Цагдаагийн ерөнхий газрын “Хүч” спорт хорооны дугуйн спортын дасгалжуулагчаар ажилладаг. Багштайгаа хамтарсан бэлтгэл хийгээд нэг жил болж байна. Бид хоёр бэлтгэлийнхээ үр дүнг Азийн аваргаар үзлээ. Олимпоос медаль авах зорилго тавьсан учраас одоо бэлтгэлээ л сайн хийе гэж бодож байна. Азийн аваргад оролцох гэж ачаалал ихтэй бэлтгэл хийж байсан. Тамирчин өдөр бүр өөртэйгөө өрсөлдөж, ялан дийлэх хэрэгтэй болдог. Тиймээс их хичээсэн дээ. Азийн аварга болохоос сарын өмнө Монголын дугуйн шигшээ баг Олимпийн хорооны тусламжтайгаар Солонгосын шигшээ багийн тамирчидтай бэлтгэл сургуулилт хийсэн нь их тус болсон шүү.
-Медалийн тавцанд гарахад юу бодогдсон бэ?
-Алтан медаль авах мэдээг сонсоод яагаад ч юм уйлаагүй. Хүмүүс уйлдаг юм билээ. Тухайн үед надад их дарамттай санагдаж байсан. Магадгүй олон хүний итгэлийг дааж тэмцээнд оролцсон болохоор тэгж санагдсан ч байж болох юм. Гэхдээ багш, ах нарынхаа баярлаж байгааг хараад миний сэтгэл ханасан байх.
-Дэд байрт шалгарсан тамирчин Таниас ердөө хэдхэн секундын зайтай барианд орсон. Тэр үед Та өөрт байгаа бүхий л хүчээ гаргасан байх?
-Барианд орон ортлоо өөрт байгаа бүхий л хүчээ шавхсан. Яг үхэх гэж байгаа юм шиг мэдрэмж төрж байсан шүү. Ямар сайндаа л барианд орсныхоо дараа гараа сунгаад дугуйныхаа арааг хөнгөлж чадахгүй байхав дээ. Багш маань “Цуваа гараатай тэмцээнд уралдаж байгаа бол барианд орох хүртлээ хамаг хүчээ шавхаж хичээх хэрэгтэй” гэж хэлдэг. Тэгээд энэ тэмцээнд амжилт гаргахын тулд өөрийнхөө хүчийг шавхах хэрэгтэй гэдгээ ойлгосон. Хоёрдугаар байрт орсон Японы тамирчин надаас гурван секундын зайтай барианд орсон. Цуваа гараатай тэмцээнд нэг улсаас нэг л тамирчин ордог. Тэгээд рейтингээрээ жагсч гараанаас гардаг ёстой. Өөрөөр хэлбэл, чансаагаараа тэргүүлсэн тамирчин хамгийн сүүлд гараанаасаа гарна. Харин бусад нь өмнө нь гараанаас гардаг юм. Би Азийн аваргад оролцохдоо рейтинг байхгүй байсан учир 19 тамирчнаас эхний гуравт гарсан. Тиймээс тамирчдын яаж оролцож байгааг мэдэх боломжгүй байсан.
-Та “Хүч” спорт хорооны тамирчин. Азийн аварга болсон юм чинь удахгүй цол нэмэх байх даа?
-Би өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нээс цагдаа болсон. Дэд ахлагч цолтой. Магадгүй удахгүй цол нэмэх байх /инээв/.
-Азийн аваргад оролцоход Танд хамгийн их хүч хайрлаж, тусалсан хүндтэй хүнээ танилцуулаач?
-Намайг тэмцээнд оролцоод ирсний дараа нэг хүн надад “Жолооч машинаа жолоодож явахдаа ар талаа үргэлж гол толиндоо харж явдаг. Түүн шиг өмнө нь хэн байснаа, энэ амжилтад хүрэхэд тусалсан хүмүүсээ хэзээ ч битгий мартаарай” гэж захисан. Азийн аваргад би ганцаараа түрүүлээгүй. Намайг чадна гэж итгэсэн хүмүүс байгаагүй бол магадгүй би өнөөдөр Тантай яриад суухгүй байсан. Ялангуяа багш маань байгаагүй бол өнөөдрийн би байхгүй байсан байх. Намайг Азийн аваргын тэмцээнд оролцуулахын тулд багш маань машинаа зарсан. Азийн аварга хэмээх нэр хүнд надад ийм үнээр олдсон юм. Түүнээс гадна зарим хүмүүс намайг амжилт гаргаж чадахгүй гэж хэлж байсан. Тэр хүмүүст би үйл хөдлөл, хөдөлмөрөөрөө хариулт өгсөндөө баяртай байна.
-Та их шартай юм шиг санагдлаа?
-Би өөрийгөө шартай гэж боддог. Зарим үед тэр зан их хэрэг болдог юм шиг санагддаг шүү.
-Дугуйн спортоор хичээллэхээс өмнө ч Та тамирчин байсан гэсэн. Ямар спортоор хичээллэдэг байсан бэ?
-Би өмнө нь триатлоны спортоор хичээллэдэг байсан. Хичээллээд хоёр жил болсныхоо дараа спортоо хэсэг орхисон. Тэгээд Бүх ард түмний спартакиадад оролцох гэж байхдаа багштайгаа танилцаж дугуйчин болсон юм. Тухайн үед Олон улсын хэмжээний мастер Болд-Эрдэнэ ах багш бид хоёрыг танилцуулсан.
-Спортоо завсардсан хугацаандаа юу хийж байв?
-Их сургуулиа төгссөн. Би интерьер дизайнерын мэргэжилтэй. Төгсөөд мэргэжлээрээ ерөөсөө ажиллаагүй. Залуу нас дахиж олдохгүй юм чинь энэ насандаа спортоор хичээллэе гэж боддог. Мэргэжлийн ажлыг би хэзээ ч хийж болно. Тиймээс одоо бие, зүрх сэтгэлээ дугуйн спортод зориулъя гэж бодож байна. Дээрээс нь надад сурах зүйл их байна. Ядаж л дугуйгаа эвдрэхээр өөрөө засч сурах хэрэгтэй.
-Олон улсын тэмцээнд явахдаа өөрийнхөө дугуйг аваад явдаг уу?
-Том хайрцагтай юм чирээд л явдаг. Гэтэл шатрынхан үнэн амар. Цүнх үүрээд л болоо. Заримдаа тэдэнд атаархдаг юм.
-Гэр бүлийнхнийгээ танилцуулаач?
-Би ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Ер нь намайг спортоор хичээллэх үндэс суурийг ээж маань тавьсан. Ээж маань надаас илүү спортод дуртай хүн л дээ. Өөрөө спортод тааруухан байсан болохоор намайг спортоор хичээллүүлсэн гэж ярьдаг юм.
-Одоо ямар тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хангаж байна вэ?
-Дөрөвдүгээр сарын 8-11 хооронд Таиландын олон өдрийн тэмцээн болно. Тэр тэмцээнд чадвал оролцоно. Гол нь урилга нь ирэхгүй байна. Ирэх сард Хятадад “Дэлхийн цом”-ын тэмцээн болно. Мөн ирэх наймдугаар сард Ирландад Цагдаагийн дэлхийн аварга, дараа сард нь Италид эмэгтэйчүүдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно. Энэ бүх тэмцээнд оролцохоор бэлтгэж байна даа. Өнгөрсөн дөрөв хоног Өвөрхангайн замд 150 км явсан. 150 км замыг дөрвөн цагт туулсан. Азийн аваргад бэлтгэж байхдаа түрүүлчих л юм бол сэтгэл тайвширчих юм шиг санагдаж байсан ч үгүй юм. Хүний хүсэл хязгааргүй байдаг бололтой. Ирэх саруудад болох тэмцээнд амжилттай оролцоод олимпод өрсөлдөх том зорилготой болсон.
-Тэмцээнүүдээ судалсан уу. Азийн аваргад гаргасан амжилтаа бусадтай харьцуулж дүгнэлт хийсэн байх гэж бодож байна?
-Ерөнхийдөө судалсан. Миний Азийн аваргаар гаргасан үзүүлэлт маань дэлхийн аваргын хүрэл медаль авсан тамирчныхтай адилхан байсан. Ер нь дугуйн спортод рекорд гэж байдаггүй.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)