Фернандо Алонсо: Таагүй уралдаанаа хар дарсан зүүдтэй зүйрлэдэг
- 2013-04-11
- Спорт
- 0
Өнгөрсөн оны ферраригийн уралдуунуудад гайхамшгийг бүтээж байсан
Фернандо Алонсотой Их Британийн “Авто шоу” сэтгүүлийн сурвалжлагч Грейн
Фостер ярилцжээ. Алдарт нисгэгч маань өнгөрсөн гарааныхаа тухай болон
Михаил Шумахерийн их спортдоо эргэж ирсэн талаар илэн далангүй ярьсан
байна. Түүний ярилцлагыг уншигч Танд тоймлон хүргэе. -Өнгөрсөн уралдаанд байрлал тогтоох гараанд жаахан асуудалтай оролцсон. Тэгэхэд хүнд санагдаж байв уу?
-Тэгэлгүй яахав. 10 дугаар байрнаас гараагаа эхэлнэ гэдэг хэцүү. Яг уралдааны үед миний машин өмнөхөөсөө хурдтай байгааг мэдэрсэн. Байрлал тогтоох уралдаанд бид түрүүлэх боломжоо алдсан нь тун тоогүй хэрэг болсон. Гэхдээ 10 дугаар байрнаас гараад гуравдугаар байрт шалгарна гэдэг нэр төрийн хэрэг.
-Тэр тодорхой. Шагналын тавцанд гарахдаа тун сэтгэл хангалуун байсан. Багийнхан чинь ч мөн чиний амжилтад итгэж чадаагүй байх л даа?
-Шагналын тавцанд гарахад хамгийн ихээр тусалсан хүн бол өрсөлдөгчид байлаа. Баттон болон хоёр “Ред булл” уралдаанаас гарсан нь надад том боломж өгсөн. Тиймээс тэдэнд би чин сэтгэлээсээ баярлалаа гэж хэлье. Нэг нууцаа дэлгэхэд, багийнхан инженер техникийн албаныхан 10 дугаар байрнаас гараад хэдэд орох вэ гэсэн шинжилгээ хийсэн юм билээ. Тэгэхэд шагналын тавцан байтугай тусгай байрт ч орохгүй юм байна гэсэн дүн гарсан гэсэн. Үүнийг би уралдааны дараа мэдсэн л дээ.
-Гараанаасаа хөдлөхдөө хэд хэдэн байраар урагшилж чадсан нь бас багагүй нөлөөлсөн гэж бодож байна?
-Мэдээж, тэгэлгүй яахав. Энэ долоо хоногийн гараа маш сайн гараа болсон гэж өөрөө өөртөө баяр хүргэсэн шүү / инээв/. Ер нь автомашины уралдаанд гараа гэдэг туйлын чухал байдаг юм. Гараагаа яаж хийнэ бариа яг л тийм байдаг.
-Та амьд домог Михаил Шумахерийн амжилтыг эвдэж чадна гэдэгтээ итгэлтэй байна уу?
-Ер нь ферраритай амьдралаа холбосон хүн бүр түүний амжилтыг эвдэхийг хүсдэг. Бүр эвдэж чаддаггүй юмаа гэхэд давтах гэж хичээдэг. Гэсэн ч энэ хүсэл мөрөөдөл, бодол зорилго бол тийм амархан бүтчих зүйл биш шүү дээ. Би “Итгэлтэй байна” гэж хэлээд хэлсэндээ хүрэхгүй бол муухай, тийм үү. Тийм болохоор ферраригийн амьд домгийн амжилтыг эвдэхийг хичээнэ гэж хэлье дээ.
-Түүнийг их спортдоо эргэж ирэх шийдвэр гаргахад Та яаж хүлээж авсан бэ?
-Нэг талаараа баярласан, нөгөө талаараа эмээсэн. Мэдээж тамирчин хүний хувьд түүний шийдвэрийг хүндэтгэх нь зүйн хэрэг. Гэхдээ амьд домог бидэнтэй нэг зам дээр уралдана гэдэг мань мэт шиг залуу тамирчны хувьд бол нэр төрийн хэрэг юм.
-Зарим нэг нисгэгч түүний эл шийдвэрийг эрс буруушааж байсан шүү дээ?
-Энэ тухай би хэвлэлээс харсан. Тэр хүмүүс өөрийн карьераа алдахаас эмээж байгаа юм. Түүнээс биш чадвартай, чадалтай нисгэгч бол хүндэтгэлтэй хүлээж авна. Михаилыг хэн ч муу нисгэгч гэж ярьдаггүй биз дээ. Ялангуяа феррарид хорхойтой хүн бүр Шумахерийг шүтэн биширдэг байх. Би ч ялгаагүй тэдний нэг л дээ. Товчоор хэлбэл, Михаилын шүтэн бишрэгч гэсэн үг.
-Түүнд дэндүү тал засаад байна гэж бодогдохгүй байна уу?
-Би амьдралдаа хэнд ч талд засаж үзээгүй. Төрүүлсэн ээждээ хүртэл тал засаагүй гээд бод доо. Тийм болохоор надад Михаилд тал засах ямар ч шаардлага байхгүй. Би байгаа үнэнийг л ярьсан.
-Гэхдээ 32 нас гэдэг феррарид тийм ч залуус нас биш шүү дээ. Та одоо хэдэн жил хурдалъя гэж бодож байна?
-Ямар ч байсан таван жил формоо алдахгүй сайн уралдахыг бодно. Ер нь ирээдүйг тааж болдоггүй. Бэртэл гэмтэлд өртчихгүй бол дахиад 10 жил хурдална гэж бодож байгаа.
-Та төмөр хүлгээ сайхан хүүхэнтэй зүйрлэвэл хэнтэй зүйрлэх бол?
-Яриангүй Мэрлин Монротой зүйрлэнэ. Түүний ялдам инээмсэглэл эрчүүдийн сэтгэлийг соронзон мэт татдаг байсан гэсэн. Харин миний төмөр хүлгийн мотор түүний ялдам инээмсэглэл шиг увдистай юм /инээв/.
-Тэгвэл хамгийн муу уралдаанаа юутай зүйрлэх вэ?
-Хариулахад жаахан түвэгтэй асуулт юм. Хар дарсан зүүдтэй л зүйрлэх байх даа. Харин төгс болсон гараагаа би цэлмэг тэнгэртэй зүйрлэх дуртай. Тэр тэнгэрийн огторгуйд эрх дураараа дүүлэн нисч яваа шувуу мэт мэдрэмж төрдөг юм.
-Ярилцсанд баярлалаа. Танд аз жаргал хүсье!
-Баярлалаа. Та бүхэнд болон ферраригийн хурд хүч, гайхамшгийг үргэлж мэдэрдэг үнэнч үзэгчдэдээ энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
Эх сурвалж: “Shanghai daily” цахим сэтгүүл

Сэтгэгдэл (0)