Өмнөд Солонгосоос гадаадын иргэдийг гаргахыг сануулав
- 2013-04-11
- Дэлхий
- 0
Хойд Солонгосын эрх баригчид Өмнөд Солонгост ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдийг энэ улсыг даруй орхин гарахыг санууллаа. Мөн энэ ажилд Сөүлийн эрх баригчдыг хүчин чармайлт гаргахыг зөвлөв. Хойд Солонгосын төрийн “КСНА” агентлаг өнгөрөгч мягмар гаригт гаргасан энэхүү мэдэгдэлдээ Солонгосын хойгт дайн дэгдэх эрсдэл дээд цэгтээ хүрснийг дурдаж, бид өмнөд хөрш дэх гадаадын иргэд, байгууллага, компаниудыг агаарын цохилтын улмаас зовж шаналаасай гэж хүсэхгүй байна гэжээ. Тэгвэл энэ өдөр Сөүл дэх ОХУ-ын Элчин сайдын яам “Москва өөрийн иргэд болон дипломатчдаа нүүлгэн шилжүүлэхээр хараахан төлөвлөөгүй байгаа” гэж мэдэгдсэн юм. Өнгөрөгч долоо хоногт Ким Жон Ун тэргүүтэй Хойд Солонгосын эрх баригчид Пхеньянаас гадаадын дипломатчдыг гарч явахыг сануулж байсан юм. Гэсэн ч Пхеньян дахь 24 орны Элчин сайдын яамны аль нь ч дипломатчдаа нутаг буцаагаагүй. Хойд Солонгос Улс “Бид гадаадын дипломатчдын аюулгүй байдлыг хангаж чадахгүй учир Пхеньянаас гарч явахыг зөвлөж байна” гэсэн юм. Учир нь Хойд Солонгос Улс пуужингийн хамгаалалтын системгүйн дээр 1950-1953 оны Солонгосын дайнаар Пхеньян дахь гадаадын Элчин сайдын яамдууд бөмбөгдөлтөд өртөж дипломатчид шархдаж байсан удаатай. Үүний дараа Хятадын Гадаад харилцааны яам Пхеньянийг өөрийн оронд байгаа гадаадын Элчин сайдын яамдын аюулгүй байдлыг тухайн орон хангана гэж заасан Венийн конвенцийн дүрмийг дагаж мөрдөхыг шаардаж, “Хятадын дипломатчдад аюул занал учрахыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн. Үүгээрээ тус улс Пхеньяний эрх баригчдад Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаахыг сануулсан. Мөн түүнчлэн ОХУ Солонгосын хойгийн асуудалд талуудыг зөөлөн хандахыг уриалсан. Тиймдээ ч тэр үү Өмнөд Солонгос, АНУ, Япон, НҮБ- ын удирдлагууд ОХУ, Хятадыг Хойд Солонгост дарамт үзүүлж, байдлыг намжаахыг хүссэн юм. Гэсэн ч Хойд Солонгос ийм бодолгүй байгаа нь тус улсын удаа дараалсан заналхийлэл гэрчилж байна. Хамгийн сүүлд л гэхэд Өмнөд Солонгосоос гадаадын иргэдийг гарч явахыг санууллаа. Энэ нь Солонгосын хойгийн байдлыг улам хурцатгаж байна. Хойд Солонгосын өнгөрөгч мягмар гаригийн энэ мэдэгдэлтэй холбогдуулан Өмнөд Солонгос ОХУ, Хятадыг Хойд Солонгост шахалт үзүүлэхийг хүслээ. Нөгөөтэйгүүр тус улс түгшүүрийн төвшингөө дээшлүүллээ. Энэ хүрээнд тус улс Хойд Солонгосыг тандах, бэлэн байдлын төвшингөө дээшлүүлсэн юм. Учир нь Хойд Солонгос Улс өмнө нь нэг ч удаа туршиж байгаагүй 6000 км-ийн тусгалтай пуужин хөөргөх гэж байна. АНУ, Өмнөд Солонгосын мэргэжилтнүүд Хойд Солонгосыг дундын зайн тусгалтай энэхүү баллистик пуужингаа түлшээр цэнэглэж хөөргөхөд бэлэн болгосныг тогтоосон байна. Хойд Солонгос Улс Өмнөд Солонгос, АНУ, Япон дахь цэргийн баазуудад хамгийн түрүүнд цохилт өгнө гэж мэдэгдсэн бөгөөд тэр дундаас Өмнөд Солонгос хамгийн их түгшүүртэй байна. Учир нь Өмнөд Солонгос, тэр дундаа Сөүл хот Хойд Солонгосын пуужингийн шууд тусгал дор байна. Харин Япон, АНУ-ын хувьд Хойд Солонгосын “Мусудан” пуужингаас эмээж байна. Энэ пуужин нь Хойд Солонгосын байлдааны хамгийн дэвшилтэд пуужин бөгөөд 6000 км-ийн алсад хүрч чадах гэнэ. Саяхан тус улс хоёр ийм пуужинг бэлэн байдалд оруулснаа мэдэгдсэн. Хэдийгээр Пхеньянийг 6000 км-ийн холд тусах чадвартай пуужинтай гэдэгт АНУ эргэлзэж байгаа ч Өмнөд Солонгосын албаныхан эргэлзэхгүй байна. Тэдний хэлснээр, Хойд Солонгос 2010 оны цэргийн жагсаалын үеэр ийм пуужинг анх удаа олон нийтэд үзүүлжээ. Гэхдээ энэ пуужингаа одоог хүртэл туршаагүй байгаагүй юм. Гэсэн ч тус улс “Мусудан”-ы технологио Иран Улсад худалдсан, Иран энэ технологиор бүтээсэн пуужингаа амжилттай туршсан гэж үзэж байна. Харин АНУ Хойд Солонгосын “Мусудан” гэлтгүй ямар ч пуужинг замаас нь устгаж чадна гэдэгт эргэлзэхгүй байгааг Пентагоны дээд командлагчдын нэг болох тус улсын Номхон далайн зэвсэг хүчний командлагч, адмирал Сэмюэл Локлир Сенатын зэвсэгт хүчний хороонд хэлсэн үгэндээ дурдлаа. Энэ зуур Хойд Солонгос АНУ-г пуужингуудыг нь замаас нь барьж чадахгүй гэж мэдэгдэж, цөмийн дайны золиос болох вий гэж анхааруулав. Ингэхдээ “Дайнд оролцогч бусад орнуудаас түрүүлж цөмийн цохилт өгөх болно. Тиймээс хамгийн их хохирол хүлээх Өмнөд Солонгосоос гадаадын иргэдийг гарч явахыг анхааруулж байна” гэв. Дашрамд дурдахад, Өмнөд Солонгост дан ганц Монгол гэлтгүй Хятад, Вьетнам, Филиппин, Бангладеш, Орос, АНУ, Гана, Нигери гэх мэт голдуу Азийн орнуудаас ажил хийхээр очсон нэг сая орчим хүн байдаг юм.Э.ТӨГС

Сэтгэгдэл (2)
Э.ТӨГС (202.9.47.131)
БОЛЬЁ ОО
***** (202.179.7.2)
ene vnenvv ard tvmeen