Уго Чавесаас хойших анхны сонгууль
- 2013-04-15
- Дэлхий
- 0
...30 орчим сая хүн амтай тус улсын хувьд 19 сая орчим хүн санал өгнө. Тэдэнд зориулж хилийн чанадад 300, орон даяар 13600 санал авах байр бэлтгэжээ. Мөн сонгуулийн санал авах өдөрт зориулж аюулгүй байдлыг хангахаар 141 мянган цэргийг хамгаалалтад гаргажээ...Венесуэл Улс их удирдагч Уго Чавесаас хойшхи анхны сонгуулиа явуулж, шинэ Ерөнхийлөгчөө сонгох гэж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд долоон нэр дэвшигч бүртгүүлсэн ч өрсөлдөөн төрийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Николас Мадуро болон Миранда мужийн захирагч, сөрөг хүчний тэргүүн Энрике Каприлес нарын хооронд болно. Өөрөөр хэлбэл, энэ хоёрын хэн нэг нь ирэх зургаан жил Ерөнхийлөгчөөр ажиллаж, дараагийн зургаан жилд улиран ажиллах боломжоо бүрдүүлнэ. Ерөнхийлөгчийн сонгууль өчигдөр болсон бөгөөд өнөөдөр дүн нь гарах аж. 30 орчим сая хүн амтай тус улсын хувьд 19 сая орчим хүн санал өгнө. Тэдэнд зориулж хилийн чанадад 300, орон даяар 13600 санал авах байр бэлтгэжээ. Мөн сонгуулийн санал авах өдөрт зориулж аюулгүй байдлыг хангахаар 141 мянган цэргийг хамгаалалтад гаргасан байна. Үүнээс гадна олон нийтийг хамарсан үймээн дэгдэхээс сэргийлж өнгөрөгч баасан гаригаас даваа гариг хүртэл согтууруулах ундаа худалдахыг хориглосон аж. Ажиглагчдын үзэж буйгаар энэ сонгууль тун ширүүн болох нь. Учир нь сөрөг хүчний удирдагч Энрике Каприлес Засгийн газрыг сонгуулийн хууль зөрчиж байна хэмээн шүүмжилж, гишүүд, дэмжигчдээ жагсаалд урьжээ. Тэрбээр иргэдийн дунд ихээхэн танигдсан нэгэн юм. Э.Каприлес өнгөрөгч аравдугаар сард болсон Ерөнхийлөгчийн сонгуульд У.Чавест ялагдсан ч Н.Мадурог бодвол ард иргэдэд илүү танигдсан. Харин Н.Мадуро У.Чавесын залгамжлагч гэдгээрээ иргэдээс дэмжлэг авахыг хичээж байна. Хэрвээ Н.Мадуро ялалт байгуулбал У.Чавесын үйл хэрэг үргэлжилнэ. Гэхдээ түүнд эргэлзэх иргэд цөөнгүй. Харин Э.Каприлес ялалт байгуулбал Венесуэлд хагас зуун жил ноёрхсон Боливарын дэглэм нурж, шинэ үе ирнэ. Өдгөө 40 настай Э.Каприлес нь хуульч, эдийн засагч мэргэжилтэй бөгөөд Кюрасао арлаас ирсэн еврей залуу, Дэлхийн II дайны үеэр Венесуэл рүү дүрвэсэн орос, польшийн эрлийз эмэгтэйн хүүхэд аж. Түүний хэлснээр, Н.Мадуро тэргүүтэй эрх баригчид сонгуулийн хуулийг улайм цайм зөрчиж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр өөрийн сурталчилгаагаа илүү цацаж, өрсөлдөгчөө боомилж байгаа аж. Үүнээс гадна гудамж талбайд Н.Мадурогийн хөрөг зонхилж байна. У.Чавесын залгамжлагчийг Венесуэл төдийгүй Латин Америкийн нэр, нөлөөтэй хүмүүс дэмжиж байна. Түүний дотор Аргентины домогт хөлбөмбөгчин Диего Марадона Н.Мадурог дэмжихээр Венесуэлд хүрэлцэн иржээ. Ямартаа ч, санал хураалт орон нутгийн цагаар өчигдөр өглөөний 06.30 цагт эхэлж 10 цагийн дараа үүдээ барьсан юм. Тэгвэл ялагч нь ирэх 19-ний өдөр тангаргаа өргөж 2019 оны нэгдүгээр сар хүртэл төрийн тэргүүнээр ажиллана.

Сэтгэгдэл (0)