Уго Чавесын залгамжлагч ялалт байгууллаа

Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуульд Уго Чавесын залгамжлагч гэгддэг, Ерөнхийлөгчийн үүрэг түр орлон гүйцэтгэгч Николас Мадуро ялалт байгууллаа. Тэрбээр гол өрсөлдөгч болох сөрөг хүчний тэргүүн, Миранда мужийн захирагч Энрике Каприлесийг 50.7:49.1 хувийн харьцаагаар буулган авчээ. Венесуэл Улс гурав дахь удаагаа сонгогдсон ч тангаргаа өргөж чадалгүй таалал төгссөн Уго Чавесын дараа дараагийн Ерөнхийлөгчөө тодруулахаар өнгөрөгч 14-ний өдөр сонгууль явуулсан юм. Сонгуульд 19 сая орчим хүн санал өгөх эрхтэй байсан ч тэдний 74.7 хувь буюу 14 сая 775.741 нь саналаа өгчээ. Харин үүнээс Николас Мадуро 7.505.338, Энрике Каприлес 7.270.403 хүний санал авчээ. Санал хураалт ганцхан өдөр явагдсан бөгөөд энэ нь 74.7 хувийн ирц бүрдэхэд нөлөөлжээ. Нөгөөтэйгүүр санал хураалт орон нутгийн цагаар өнгөрөгч ням гаригийн өглөөний 06.30 цагт эхэлж, 16.30 цагт өндөрлөсөн юм. Албаныхан сонгуулийн дүнг маргааш өдөр нь зарлана гэж мэдэгдэж байсан бөгөөд үүндээ ч хүрч даваа гаригийн өдрийн 14.00 цагт мэдээллээ. Үүнтэй холбоотойгоор ч тэр үү Николас Мадуро сонгуулийг шударга явагдлаа хэмээв. Харин кампанит ажил эхэлснээс хойш Н.Мадурог сонгуулийн хуулийг зөрчиж, эрх мэдлээрээ далайлган хэтэрхий илүү сурталчилгаа явуулж байгаад буруутгаж байсан Энрике Каприлес сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрсөнгүй. Тэрбээр сонгуулийн үеэр Н.Мадуротой холбоотой хууль зөрчсөн 300 мянга гаруй зөрчил илрүүлсэн хэмээгээд шалгуулахыг хүсч буйгаа илэрхийлсэн. Харин Сонгуулийн ерөнхий хороо Н.Мадурогийн ялалт хууль ёсных, үр дүнд ямар ч өөрчлөлт орохгүй гэв. Н.Мадуро ялалт байгуулс- ныхаа дараа Э.Каприлестай утсаар ярьсан бөгөөд энэ үеэр Э.Каприлесийн саналын хуудсыг дахин тоолох хүсэлтийг хүлээн авч буйгаа илэрхийлсэн аж. Үүний дараа тэрбээр өөрт нь санал өгөөгүй хүмүүсийг улс орныхоо төлөө хамтдаа ажиллахыг уриалсан байна. Өдгөө 40 настай Э.Каприлес энэ удаагийн сонгуульд ялалт байгуулна гэдэгтээ туйлын итгэлтэй байсан бөгөөд Н.Мадурод ялагдвал улстөрийг орхино гэж ам алдаж байсан удаатай. Тэрбээр өнгөрөгч оны аравдугаар сард Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд аугаа удирдагч агсан Уго Чавест ердөө 10 гаруй хувийн саналаар ялагдаж байсан юм. Тодруулбал, У.Чавес 8.191.132 хүн буюу 55.1, Э.Каприлес 6.591.304 хүн буюу 44.3 хувийн санал авч байв. Гэхдээ тухайн сонгуулийн ирц 80.5 хувьтай байсан юм. Харин энэ удаагийн ээлжит бус ч албан ёсны Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Н.Мадуро ирэх 19-ний өдөр тангаргаа өргөж 2019 оны нэгдүгээр сар хүртэл буюу зургаан жил төрийн тэргүүнээр ажиллана. Тэрбээр өнгөрөгч гуравдугаар сарын 5-нд У.Чавесыг хорт хавдрын улмаас 58 насандаа таалал төгссөний дараа түүний халааг авч, төрийн тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэж байв. Өөрөөр хэлбэл, Н.Мадуро сар гаруйн хугацаанд өөрийгөө олон нийтэд таниулах ажлыг эрчимтэй хийсэн юм. Учир нь тус улсын парламент Н.Мадурог Ерөнхийлөгчийн үүрэг түр орлон гүйцэтгэгчээр томилоод зогсохгүй дөрөвдүгээр сарын 14-нд Ерөнхийлөгчийн сонгууль явуулах шийдвэр гаргасан юм. У.Чавес таалал төгссөний дараа Венесуэл даяар түүнийг “Аугаа удирдагч”, “Бурхны хүү” гэх зэргээр магтаж, үйл хэргийг нь дэмжих иргэдийн тоо огцом нэмэгдсэн юм. Тиймдээ ч “У.Чавесын залгамжлагч”, “У.Чавесын хүү” гэж нэрлэх болсон Н.Мадурог дэмжлээ. Тэрбээр ард иргэдийн дунд харьцангуй танил бус байсан ч У.Чавесын хамгийн итгэлт хүн гэдгээрээ ганцхан сарын дотор нэр хүнд нь огцом өсөв. Н.Мадуро У.Чавесыг таалал төгсөхөөс өмнө дэд Ерөнхийлөгч, Гадаад харилцааны сайдыг албыг давхар хашиж байсан бөгөөд У.Чавес түүнийг “Хэрвээ надад ямар нэгэн зүйл тохиолдвол миний халааг Николас Мадуро аваг” гэж хэлж үйл хэргийг нь үргэлжлүүлж чадах цорын ганц хүн гэдэг ойлголтыг ард түмнийхээ дунд “тарьсан” юм. Н.Мадуро өмнөх удирдагчийн дэмжлэгтэйгээр ялалт байгуулснаар Венесуэл Улс социалист системээ хадгалж, XXI зууны цөөхөн ийм дэглэмтэй орнуудын нэг хэвээр цааш хөгжих нь. Нөгөө талаас 1999 оноос буюу 14 жил төр барьсан У.Чавесын бодлого цааш үргэлжлэх нь. Венесуэл Улс дэлхийн гурав дахь том холбоотон болох Латин Америкийн эвсэл болон ОПЕК /Газрын тос экспортлогч орнуудын байгууллага/-ийг даргалагч орон. Н.Мадуро энэ статусаа хадгалахын дээр газрын тосны нийлүүлэлт, Латин Америкийн худалдааны эргэлтийг нэмэгдүүлнэ гэж сонгуулийн кампанит ажлын үеэр амласан. Юутай ч, Николас Мадуро Венесуэлийн Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Түүнийг У.Чавесын холбоотнууд болох Аргентины Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер, Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес зэрэг төрийн тэргүүнүүд дэмжиж буйгаа илэрхийлж ялалтад нь баяр хүргэлээ. У.Чавесын хамгийн ит- гэлт хүн, дотны зөвлөгч, автобусны жолооч асан Н.Мадуро У.Чавесын хуулийн хамгаалалтын багт ажилладаг өмгөөлөгч Силиа Флорес хэмээх бүсгүйтэй гэрлэсэн. Н.Мадуро сонгуулийн кампанит ажлын үеэр урьдын ажил болох автобус жолоодож сонгогчидтойгоо уулзаж өөрий гөө сурталчлахаас гадна У.Чавесын хорт хавдартай тэмцсэн хоёр жилийн хугацаанд өмссөн шиг төрийн далбааны өнгө, загвартай биеийн тамирын хослолоор “гангарсан” байв. Эцэст нь хэлэхэд, Венесуэлд төрийн тэргүүнээр хэдэн ч удаа сонгогдох боломжтой бөгөөд ирэх зургаан жилийн хугацаанд дахин сонгогдох боломжоо бүрдүүлбэл өдгөө 50 насыг зооглож буй Н.Мадуро У.Чавес шиг гурав дахь удаагаа улиран сонгогдохыг үгүйсгэх аргагүй.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)