Азгүйтэл, доройтлоос ангид оршсон ”Төмөр хадагтай”

Цадиг түүхийн хэлхээс
Дэлхийн хамгийн хүчирхэг, захирангуй эмэгтэй бол яах аргагүй “төмөр хатагтай”. Маргарет Тетчер бол маш хүчирхэг, гэхдээ чин шударгын төлөө зөрүүдэлж чадахуйц үнэнч, тэгсэн атлаа нэр төрийнхөө төлөө үл тоомсорлогч, хүйтэн сэтгэлтэй мэт байж чадах сөрөг талын баатар ч болдог байв. Тетчер эрчүүд л ерөнхийдөө илүүрхдэг элитүүдийн дээд эрх мэдлийн хамгийн өндөрлөгт гарч чадсан. Тэрбээр бүхий л амьдралаа зөвхөн зорилго, эрмэлзэл, тэмцлээр жигүүрлэн өнгөрүүлсэн эгнэшгүй гавьяатан. Английн доод төвшний жирийн ахуйгаас ийм өндөрлөгт хүрсэн түүний алгуурхан өгсөлт хэний ч санаанд багтамгүй эхлэл байсан. Тетчер боломжгүй бүхнийг гэтэлж, боломжтой болгож чадсан амьд үлгэрлэл байв. Хүнсний жижиг дэлгүүрийн эзний охин тэрбээр ус дамжуулах хоолойгүй эгэл бордуухан орчинд өссөн мөртлөө Их Британийн Ерөнхий сайд болтлоо дэвшсэн нь ямархуу дайчин, хичээл зүтгэлтэй нь тод жишээ. Төрөлхийн гярхай, авхаалжит чанар, хурц ухаан зэрэг нь түүнийг зорилгодоо хүрэхэд ямагт тусалдаг байж. Зорилго тэмүүлэлдээ үнэнч, шударга зангийнхаа ачаар XX зууны Их Британийн бусад лидерүүдээс давамгай байж, урт хугацааны туршид засгийн эрхэнд үлдэж чадсан. Их Британийн анхны эмэгтэй Ерөнхий сайд болсноор, ажиглагчдын таамаглаж байсанчлан гэнэт ихийг өөрчлөн бүтээж, амжилт гаргаж чадахгүй л байв. Эрчүүдийн эрх давамгайлсан уламжлалт засаглалд хүч түрэн орж ирсэн анхны эмэгтэй сайдын хувьд байнгын саад, хаалт, барьцан доош чангаах гэсэн таагүй үзэлтэй тулгарч байлаа. Гэвч хэсэгхэн хугацаа өнгөрөхөд Тэтчер хууль ёсыг бүтээлчээр ашиглан, өмнөх гурван сайдаас тэс өөр, хавьгүй илүү гэдгээ илэрхийлэн баталгаажуулав. Далайд сөнөж буй усан онгоц мэт болсон улсынхаа эдийн засгийг асар богино хугацаанд хямралаас гаргаж, түүнийг дэмжигч болон эсэргүүцэгчдийн төсөөлж ч чадахааргүй гайхалтай үр дүнг харуулсан юм. Тэрбээр зөвхөн өөртөө итгэж бус харин бодит үнэн, сайн үйлс юунд хүргэхийг урьдчилан харж, мэдрэх чадвартайгаараа онцгойрч байв. Хатагтай Тэтчер улсынхаа түүхэнд баларч арилахааргүй тод мөр зурайлгасан төдийгүй бүхий л британчуудын сэтгэхүйд нөлөөлж чадсан хүчирхэг эмэгтэй. Мөн өөрийнх нь мөрөөр мөшгихийг хүсэгч, зорилго тэмүүлэлтэй залуухан эмэгтэй лидерүүдэд үнэлж баршгүй их өвийг үлдээсэн гавьяатан. Хувийн амьдралын замнал
Маргарет Робертс 1925 оны аравдугаар сарын 13-нд Лондон хотоос хойд зүгт байрлах Грэнтхэм хотод хүнсний жижиг дэлгүүр ажиллуулагч худалдаачны гэрт мэндэлжээ. Энэхүү бүс нутаг нь Английн бас нэгэн алдартан Исаак Ньютоны төрсөн газар гэдгээрээ алдартай. Робертсын гэр бүл илүү дутуу зүйлгүй эгэл бордуухан аж төрдөг байв. Цэцэрлэгт хашаа, усан хангамж, тэр атугай гэртээ бие засах ариун цэврийн өрөө ч тэднийд байсангүй. Маргарет нь сүсэг бишрэл ихтэй Альфредийн хоёр дахь охин байв. Маргарет багаасаа л эцгийгээ хүндэтгэн биширдэг байсан төдийгүй бүхий л үлгэр дууриалыг зөвхөн эцгээсээ авдаг байжээ. Хувийн амбицаа амьдралд хэрэгжүүлэхийг хичээдэг байсан эцэг нь бяцхан авьяаслаг охиндоо шаргуу тэмцлийн үлгэрээр нөлөөлдөг байв. Маргарет бараг бүх л талаараа эцэгтэйгээ адил байсан бол эгч Мюриел /дөрвөн насаар эгч/ нь эх Беатристайгаа илүү адилхан байжээ. Тухайн үеийн шаггүй бизнесмэн, бүх талын зөвлөгч, шажинтан Альфред бяцхан охиндоо сайн үлгэр дууриал үзүүлэхээс гадна охиноо бүх талаар нь төгс болгон төлөвшүүлэхийн тулд бүхий л хүчин чадлаа дайчилдаг байж. Харин Беатрис Робертс үлгэр жишээ гэрийн эзэгтэй байсан бөгөөд Маргаретийн хүмүүжилд сайн, муу ямар ч нөлөө үзүүлдэггүй байжээ. Альфред Робертс эцэж цуцахыг үл мэдэгч номын хорхойтон байсан агаад үргэлж л мэдлэг, боловсролоо дээшлүүлэхийг эрмэлзэн хичээдэг байсан чанар нь охинд нэвт шингэсэн байдаг. Аав, охин хоёр үргэлж хамтдаа номын сангаар үйлчлүүлдэг байсан гэх. Альфред хүүгүй болохоороо ч тэр үү түүнийг яг л хүү шиг өсгөхийг эрмэлздэг байж. Тэрбээр шаргуу ажлын амт, үнэнч чанарын үр дүнгийн талаарх ойлголтыг бяцхан охиныхоо ухамсарт гүн гүнзгий суулгаж, алхам тутамдаа бодитоор үлгэрлэдэг байсан аж. Робертс “Би чадахгүй”, “Энэ лав хэцүү байх” гэж хэзээ ч хэлдэггүй байсан төдийгүй иймэрхүү утга бүхий санааг огт илэрхийлдэггүй байсан гэдэг. Маргарет эцгийнхээ үнэнч шүтэн бишрэгч байсан бөгөөд түүний, “Чи өөрийн оюун ухаанаа өөрөө л бий болгоно. Ямарваа зүйлийг найзууд чинь хэрхэн хийж буйг даган дууриах маягаар хэзээ ч бүү хий. Сондгойрч харагдахаас эмээн бусдыг дагаж ердөө ч болохгүй. Бусдыг даган дууриалгүй тэднийг араасаа дагуул” гэсэн эцгийнхээ сургаалыг насан турш санаж явдаг байжээ. Охиныгоо бусадтай “адилгүй” байхыг сургасан Робертсийн хүмүүжил заавал бусдаас ялгарах гэсэн санаа бус хүний нөөц боломжийг чухалчилсан үзлээс үүдэлтэй болов уу. Энэхүү чадвараа ашиглаж чадсан ямар ч хүн бусдыг үргэлжид гайхшруулж байдаг. Хүүхэд байхаасаа л ийм үнэтэй зөвлөлгөөнүүдээр “өлгийдүүлж” өссөн Маргарет хожим эмэгтэй хүний мөр гаргаагүй эрчүүдийн ертөнцөд хөл тавих үедээ эцгийнхээ зөвлөлгөө, сургамжийг чухал зэвсэг болгон ашигласан. Тэрбээр бага сургуулиасаа л онц сурлагатан, идэвхтэй тамирчин болохоо харуулжээ. Грэнтхэмийн охидын сургуулийн захирал, “Түүний уран илтгэх чадвар бүр багаасаа тодорсон. Номын “амтанд” орж, хорхойссон байсан нь биднийг бишрүүлдэг байж билээ” хэмээн дурссан байдаг. Маргарет таван настайдаа төгөлдөр хуур тоглож сурсан бөгөөд есөн настайдаа яруу найргийн тэмцээнд түрүүлж байжээ. Түүний эл амжилтад сургуулийн захирал нь баяр хүргэхдээ, “Маргарет, танд үнэхээр аз таарлаа” хэмээхэд бяцхан Маргарет “Энэ бол аз биш. Энэ бол миний амжилтын гавьяа” хэмээн хээвнэг хариулж байсан гэдэг. Тэрбээр сургуулийнхаа урлаг, соёлын төдийгүй спортын ч од байж. Дунд сургуулийн хоккейн багийн хамгийн залуу удирдагч, сургуулийн нээлттэй хэлэлцүүлэг, маргааны байнгын гишүүн гээд бүх л зүйлийн тэргүүнд явдаг байж. Нөгөө талаар Маргарет ганцаардмал, хэрсүү охин байж. Тэр найзуудтайгаа кино үзэх, бүжгэнд явах зэргээс хол өсчээ. Иймэрхүү хөнгөн маягийн зугаат амьдрал шүтлэг ихт Робертсийн гэр бүлд тохиромжгүй зүйл байв. Гэр бүлийн бяцхан дэлгүүрийн дотоод үйл ажиллагаа түүнд бизнес, эдийн засаг, санхүүгийн үндсэн ухагдахууны суурийг тавьсан гэж болно.
Нэр төр, хүсэл зорилго
Маргарет Тэтчерийн амбийц Сомервильдээс эхтэй. Түүний өрөөний охин, “Маргаретийн амбиц хязгааргүй байсан. Өглөө бүр зургаа хагаст, харанхуй өрөөнд бүдэг гэрэл асаан ямар нэг юм цээжлэх, сурах гэж суудаг байсан түүний зүтгэл гайхамшигтай” хэмээн дурссан байдаг. Тэтчер хоёрдугаар курст байхдаа нэгэн гүнтний хүүд ухаангүй дурласан ч хүүгийн ээж ямбатан авхай жирийн нэг жижигхэн дэлгүүрийн эзний охиныг бүдүүлгээр дорд үзэн “царай өгөөгүй” гэдэг. Түүний коллежэд суралцаж байхдаа оролцдог байсан улстөрийн мэтгэлцээнүүд хичээлээс гадуурх ганц сонирхол нь байв. Оксфордийн их сургуульд суралцаж байхдаа хуучинсаг үзэлтнүүдийн нийгэмлэгт нэгдэв. Тэтчер химийн ухаанаар дээд боловсрол эзэмшиж, 1947 онд бакалаврын зэрэгтэй болжээ. Ийнхүү мэргэжлийнхээ дагуу Мэннингтонд хуванцар целлулоидийн химийн судалгааны ажил эрхлэх болов. Тэрбээр Британийн түүхэнд байгалийн шинжлэх ухаанаар дээд боловсрол эзэмшсэн цор ганц Ерөнхий сайд байснаараа ч онцгойрдог. Түүний зүрх сэтгэлийг улс төр, хууль ёс бүрэн эзэмдсэн байсан тул мэргэжлийн карьер нь богинохон байсан юм. Тэрбээр 1951 онд Денис Тэтчертэй гэрлэснээр хуулийн сургуульд суралцах боломжтой болжээ. 1953 онд хуульчийн зэрэгтэй болсон Тэтчер таван жил өмгөөлөгчөөр ажиллажээ.
Мэргэжлийн карьер
Тэтчер коллежийн дипломоо гардан авсныхаа дараа химич, судлаач мэргэжлээр ажиллаж байхдаа Дартфорд хотын консерватив намаас парламентад орохоор шийджээ. Тус хотын дарга нар түүнээс, “Та яах гээ вэ, эмэгтэйчүүдийн төлөөлөл болох гэж үү? Зөвхөн эмэгтэйчүүд л биш шүү. Дартфорд бол үйлдвэрийн эздийн хүрээлэл” хэмээн анхааруулж байв. Гэвч өөртөө итгэлтэй, шантаршгүй Тэтчер 24-хэн настайдаа 1948 онд хамгийн залуу, цор ганц эмэгтэй нэр дэвшигчийн тодотголоор дөрөөлж, зориг гарган сонгуульд оролцжээ. Лейборист намынхан урьдчилсан санал асуулгаар 20 мянган санал авч, илүүрхэж байсан нь Тэтчерт ямар ч боломж байхгүйг илтгэж байв. Гэвч энэ нь Тэтчерийг мохоосонгүй. Хуванцар үйлдвэрлэлийн компани дахь ажлын байраа орхин зүрх, сэтгэлийн жолоог булаасан ажлаа эрхлэхэд ойртох гэж Дартфордийг зорьжээ. Сонгуулийн кампанит ажлын дараа зургаан сарын турш өдөрт 20 цагаар ажиллаж байсан түүнийг улстөрийн зүтгэлтнүүд “үлгэрийн мэт ундарсан эрч хүчтэй” хэмээн тодорхойлсон байдаг. Сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр нэгэн орой түүний талынхны нэг залуу галт тэрэгний буудлаар хамт зугаалахыг санал болгожээ. Тэтчер ч зөвшөөрч. Энэ нь намын нөхөр, үйлдвэрийн эзэн Дэнис Тэтчер байсан бөгөөд уг гэмгүй зугаалга нь гэрлэлтээр төгссөн, хоёр жилийн турш үргэлжилсэн хайрын романы эхлэл байжээ. Дартфордийн сонгуульд Тэтчер ялагдсан хэдий ч консерватив намынхны анхаарлыг татаж хараанд нь үлдэж чадсан юм. Учир нь тэдний тооцоолж байснаар уг сонгуульд өрсөлдөгч тал 20-иос илүү хувийн санал авч чадахгүй байтал Тэтчер 36 хувийн санал авч олны анхаарлыг татжээ. Үүний дараа Тэтчер гэр бүлийнхээ төлөө улстөрийн зорилгодоо түр завсарлага авч, таван жил өмгөөлөгчөөр ажиллав. Энэ хугацаанд /1953 он/ Кэрол, Марк гэх хоёр ихэр хүүхэд төрүүлсөн бөгөөд ихрүүдийг дөрвөн сартай байхад нь өмгөөлөгчийн шалгалтаа амжилттай өгчээ. Тэтчер 1961 он хүртэл албан татварын болон эрх олгох хуулиар мэргэшсэн байна. 1959 онд Тэтчер Лондонгийн баячуудын нутаг гэгддэг Финчлигээс дахин нэр дэвшиж, ялалт байгуулснаар 33 насандаа төрийн танхимд борчуудын төлөөлөл болон 1992 он хүртэл ажилласан билээ. 1970 онд Шинжлэх ухаан, гэгээрлийн яамыг удирдах болов. Хүүхдүүдэд үнэгүй сүү тараах Тэтчерийн хөтөлбөрт ажлын шийдвэр ард түмний сэтгэлийг эзэмдэх анхны алхам байсан. Парламент дахь сөрөг талынхан түүнийг “Тэтчер сүүний хулгайч” гэх зэргээр доромжлон дайрч байв. Тэр ч атугай “London Sun Times” сонин түүнийг “Английн хамгийн нэр хүнд муутай эмэгтэй” хэмээн нэрлэжээ. 1970-аад оны үед уурхайчдын ажил хаялт Британийн эдийн засгийн хямрал уруу түлхэж байлаа. Төрийн хямрал ч үүнд нэгдэв. Чухам энэ л агшныг Тэтчер гайхалтайгаар ашиглаж чадсан юм. Тэрбээр “Та нар хүчгүй нэгнийг хүчилж хүчтэнүүдийг сөхрүүлж чадахгүй...Та нар баячуудыг сүйтгэж ядууст тус болж чадахгүй... Та нар хүмүүсийн өөрсдийнхөө төлөө хийж чадах зүйлсийг хийснээр тэдэнд тус болж чадахгүй” гэсэн АНУ- ын Ерөнхийлөгч асан Авраам Линкольны үгээс эш татан уриалж байв. 1979 оны тавдугаар сард Тэтчер Их Британийн Ерөнхий сайдаар сонгогдсон нь баруун Европын түүхэнд анхны эмэгтэй удирдагч болон тэмдэглэгдсэн юм. Түүний ухаршгүй дайчин, шударга чанар, хурц ухаан 1982 онд Фолклендийн арлын халдлагын үеэр гадны ертөнцийг гайхшруулсан юм. Тэрбээр 1990 онд улстөрийн карьераа орхисон бөгөөд анх улстөрд дуулиантайгаар хөл тавьж байсан шигээ шуугиантайгаар огцорсон билээ. Тэгэхээр Маргарет Тэтчер нь 1979 оноос хойш улсаа удирдсан, XX зууны Их Британийн Ерөнхий сайдын албыг хамгийн урт хугацаагаар хашсан ижилгүй улстөрч мөнөөс мөн. Тэтчер няцаж цуцашгүй өөдрөг үзэлтэн, хаашаа хэрхэн явахаа гайхалтай мэддэг нэгэн байсан. Хэрвээ ямар нэг зүйл хэлээсэй гэж хүсч байвал, эрчүүдэд ханд. Харин ямар нэг зүйлийг хийгээсэй гэж хүсч байвал эмэгтэйчүүдэд ханд. Маргарет Тэтчер энэ хандлагыг өөрийн биеэр бүрэн илэрхийлсэн гавьяатай хүн.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)