Техаст үйлдвэр дэлбэрч 70 хүн амь үрэгдлээ
- 2013-04-18
- Дэлхий
- 0
АНУ-ын Техас мужийн Вако хотоос хойд зүгт 32 км-ийн зайд орших Уэст хэмээх газар дахь бордооны үйлдвэрт гал гарч, улмаар дэлбэрсний улмаас 70 хүн амь үрэгдэж, 200 хүн шархадлаа. Дэлбэрэлт маш хүчтэй болсныг нутгийн иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярьж, дуу чимээ нь 20 км-ийн алсад сонсогдсон гэв. Энэ зуур нэгэн залуу дэлбэрэлтийн цэгээс километр орчмын зайд автомашинаасаа шидэгдэж, машин нь хөмөрснийг баталжээ. Дэлбэрэлт орон нутгийн цагаар өчигдөр буюу лхагва гаригийн оройн 19.50 цагийн үед болсон байна. Хүмүүсийн ярьж буйгаар дайны бүсээс ялгагдахгүй болсон ослын газарт олон зуун гал сөнөөгч, түргэний тэрэг болон зургаан нисдэг тэрэг ажилласаар байна. Тэд байшин, барилгын нуранги дор амьд үлдсэн хүн байж магадгүй хэмээн хайж байгаа аж. Учир нь дэлбэрэлтийн нөлөөгөөр 2700 хүн амтай Вако хотод 100 гаруй байшин барилга газрын хөрстэй тэгширчээ. Нөгөөтэйгүүр өтгөн утаа, дахин дэлбэрэлт болох эрсдэл аврагчид саад учруулж байна. Бордооны үйлдвэр дэх аммиактай нөөцлүүр савнууд шатсаар байгаа бөгөөд хорт утааны улмаас хотын иргэдийг бүгдийг нь нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Одоогийн байдлаар тэдний тал орчим хувийг нь аюулгүй газарт хүргэсэн агаад эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байжээ. Шархадсан 200 орчим хүний 50 гаруйнх нь биеийн байдал тун хүнд байна. Тэдэнд цус их шаардагдаж байгаагаас Вако хотын цусны нөөц дуусч байна. Үүнтэй холбогдуулан Вако хотын удирдлагууд Техас мужийн оршин суугчдыг цусаа хандивлахыг уриалаад байна. Дашрамд дурдахад, шархагдагсдын дийлэнх нь дэлбэрэлтээс үсэрсэн шил, тоосго, мод, чулуу, төмрийн хэлтэрхийнүүд цохигджээ.








Сэтгэгдэл (0)