Техаст үйлдвэр дэлбэрч 70 хүн нас барлаа

АНУ-ын Техас мужийн Вако хотоос хойд зүгт 32 км- ийн зайд орших Уэст хэмээх газар байдаг бордооны үйлдвэрт гал гарч, дэлбэрсний улмаас 70 хүн амь үрэгдэж, 200 хүн шархадлаа. Дэлбэрэлт маш хүчтэй болсныг нутгийн иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ярьж, дуу чимээ нь 20 км-ийн алсад сонсогдсон гэв. Энэ зуур нэгэн залуу дэлбэрэлтийн цэгээс километр орчмын зайд автомашинаасаа шидэгдэж, машин нь хөмөрснийг баталжээ. Дэлбэрэлт орон нутгийн цагаар өнгөрөгч лхагва гаригийн оройн 19.50 цагийн үед болсон байна. Хүмүүсийн ярьж буйгаар дайнаас ялгагдахгүй болсон ослын газарт олон зуун гал сөнөөгч, түргэний тэрэг болон зургаан нисдэг тэрэг ажилласаар байна. Тэд байшин, барилгын нуранги дор амьд үлдсэн хүн байж магадгүй хэмээн хайж байгаа аж. Учир нь дэлбэрэлтийн нөлөөгөөр 2700 хүн амтай Вако хотод 100 гаруй байшин барилга газрын хөрстэй тэгширчээ. Нөгөөтэйгүүр өтгөн утаа, дахин дэлбэрэлт болох эрсдэл аврагчдад саад учруулж байна. Бордооны үйлдвэрийн аммиактай нөөц савнууд шатсаар байгаа бөгөөд хорт утааны улмаас хотын иргэдийг бүгдийг нь нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Одоогийн байдлаар тэдний тал орчим хувийг нь аюулгүй газарт хүргэсэн агаад эмнэлгүүд ачааллаа дийлэхээ байжээ. Шархадсан 200 орчим хүний 50 гаруйнх нь биеийн байдал тун хүнд байна. Тэдэнд цус их шаардагдаж байгаагаас Вако хотын цусны нөөц дуусч байна. Үүнтэй холбогдуулан Вако хотын удирдлагууд Техас мужийн оршин суугчдыг цусаа хандивлахыг уриалаад байна. Дашрамд дурдахад, шарх дагсдын дийлэнх нь дэлбэрэлтээс үсэрсэн шил, тоосго, мод, чулуу, төмрийн хэлтэрхийнүүдэд цохигджээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)