Венесуэл АНУ-д анхааруулга өгөв
- 2013-04-24
- Дэлхий
- 0

Саяхны Ерөнхийлөгчийн сонгуульд Николас Мадурод ялагдсан Венесуэлийн сөрөг хүчний эвслийн удирдагч Энрике Каприлес шинэ сонгууль явуулахыг уриалав. Сөрөг хүчний эвсэл Николас Мадурог Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн ч сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч баталгаажуулахаас татгалзсаар байгаа юм. Үүнийгээ баталгаажуулалтад оролцохгүй гэдгээр илэрхийлсэн юм. Энэ сарын 14-нд болж өндөрлөсөн Ерөнхийлөгчийн сонгуульд Николас Мадуро 50.78, Энрике Каприлес 48.95 хувийн санал авсан бөгөөд Э.Каприлес “Санал хураалтын үеэр олон зуун зөрчил илэрсэн” хэмээн саналыг хуудсыг дахин тоолохыг шаардаж, сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй. Үүний дараа Венесуэлийн нийслэл хот Каракаст Н.Мадуро, Э.Каприлесийг дэмжигчдийн жагсаалд дарагдаж цөөнгүй хүний амь эрсэдсэн. Харин Н.Мадуро “Саналын хуудсыг дахин тоолно” хэмээн энэ сарын 19-нд тангараг өргөтлөө гал намжаасан. Гэсэн ч Үндэсний сонгуулийн зөвлөл саналын хуудсын ердөө 46 хувийг дахин тоолно гэв. Сөрөг хүчний эвсэл үүнийг хүчтэй эсэргүүцэж, Н.Мадурогийн Засгийн газрыг хойшид ч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэв. Э.Каприлес Н.Мадурогийн хууль зөрчсөн үйлдлүүдийн талаар олон улсад мэдээлж буй энэ үед Н.Мадуро тэргүүтэй Венесуэлийн эрх баригчид АНУ-ыг Венесуэлийн сонгуультай холбогдуулан улсад нь ямар нэгэн хориг арга хэмжээ тогтоохгүй байхыг хатуу анхааруулав. Мөн “Хэрвээ АНУ ийм алхам хийвэл бид эдийн засаг болон өөр бодлогын талбарт хариугаа авах болно” гэж Гадаад харилцааны сайд Элиа Хауагаар дамжуулан мэдэгдэв. Венесуэлийн сонгууль будилаан дагуулсны дараа Латин Америкийн орнууд Н.Мадурог ялалт байгуулсан гэж мэдэгдсэн бөгөөд Аргентины Ерөнхийлөгч Кристина Фернандес де Киршнер АНУ-ын засаг захиргааг Н.Мадурогийн ялалт хүлээн зөвшөөрөхийг хүссэн. Харин АНУ Н.Мадурогийн ялалтыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, саналын хуудсыг дахин тоолох Э.Каприлесийн хүсэлтийг дэмжсэн. Н.Мадуро тангараг өргөсний дараа Гадаад харилцааны сайдын албан тушаалдаа үлдсэн цөөн хэдэн сайдын нэг Элиа Хауа АНУ-ын Төрийн департаментын төлөөлөгч Роберта Жейкобсоны “Си-Эн-Эн”-д “Бид Каракасын эрх баригчдыг саналын хуудсыг бүрэн тоолтол дарамт үзүүлэх хориг арга хэмжээ авах талаар одоогоор хэлэлцээгүй байна” гэж хэлсний хариуд дээрх анхааруулгыг өгчээ. Венесуэл нь АНУ- ын шатахууны импортын багагүй хувийг хангадаг бөгөөд өнгөрөгч онд АНУ-д өдөрт 900 мянган торх газрын тос нийлүүлжээ. Тиймээс Венесуэл Улс АНУ-ыг шатахууны импортоор барьцаалж болзошгүй гэсэн таамгийг олон улсын ажиглагчид дэвшүүлээд байна.

Сэтгэгдэл (0)