Б.Гангаамаа: К2-т авирах нь миний туйлын мөрөөдөл

     Манай орны уулын спортын тамирчид дэлхийн өндөр оргилуудад гарч төрийнхөө далбааг мандуулсаар байгаа. Үүний үргэлжлэл болсон нэгэн таатай мэдээг гавьяат тамирчин, ОУХМ Б.Гангаамаа сэтгүүлчдэд дуулгасан юм. Тэрбээр ертөнцийн хоёр дахь ноён оргил болох К2 ууланд авирахаар болсон байна. К2 ууланд авирах нь дэлхийн хамгийн хүнд авиралтын нэгдүгээрт жагсдаг гэнэ. Энэхүү уул нь Пакистан Улсын нутаг дэвсгэрт далайн түвшнээс дээш 8611 метр өндөрт оршдог аж. Өнгөрсөн 60 жилийн түүхэнд дэлхийн зулай гэх Эверестэд манай гаригийн 3000 гаруй хүн оргилд нь гарсан бол К2 ууланд түүний 10 хүрэхгүй хувь нь авирсан байдаг юм. Үүнээс нийт 11 эмэгтэй хүн оргилд нь гарсан ч буух явцдаа дөрвөн уулчин нь харамсалтайгаар осолдсон байдаг ажээ. Учир нь К2 ууланд авирахаас илүү буух нь аюултай байдаг гэнэ. Харин гавьяат тамирчин Б.Гангаамаа Эверестийн оргилд хүрсэн Монголын анхны уулчин эмэгтэй. Түүнд одоо К2 уулын оргилд гарах гэсэн зорилго л бий. Тэрбээр К2 ууланд авирахын тулд 2008 оноос эхлэн судалгаа, сургуулилт хийж иржээ. Урьдчилсан төлөвлөгөөгөөр Б.Гангаамаа ирэх зургадугаар сарын 10- нд аялалдаа гарч, наймдугаар сарын 10-нд эх нутагтаа ирэх юм. К2 ууланд авирахад хөтөч дагалддаггүй дэлхийн ганц уул. Тиймээс Б.Гангаамаа бүх зүйлийг өөрөө гардан хийх юм байна. Түүний аялал 65- 70 хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаандаа дөрвөн камп байгуулах аж. Тиймээс МУГТ Б.Гангаамаа гаас авиралтынх нь талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Их аюултай аялалд гарах гэж байна. Чухам яагаад энэ эрсдэлтэй аялалд явахаар болов?
-Уулын спортын тамирчдын хувьд Эверест, К2, Канчинжунга оргил бол туйлын мөрөөдөл. Миний хувьд Эверестийн оргилд гарахын өмнө К2 ууланд авирахыг хүсдэг байсан. Энэ бол миний мөрөөдөл юм. Миний мөрөөдлийг биелүүлхэд тусалсан багш дасгалжуулагч, Спортын бэлтгэлийн төвийн хамт олонд талархаж буйгаа илэрхийлье.

-Тамирчин хүний хувьд амь насны даатгал гэдэг чухал. Энэ тал дээр ямар компанитай хамтран ажиллаж байна?
-К2 ууланд гарахад цасан нуранги үүсэх, мөсөн хана нурах, хад чулуу нурах гэсэн эрсдэлүүд байдаг. Эдгээр эрсдэлийг үл ойшоож “МИГ” даатгал компани надтай хамтран ажиллаж байгаа. Миний Эверестийн авиралтын даатгалыг ч энэ компани хариуцаж байсан. Гэхдээ монгол түмний минь хийморь лундаа тэтгэж ямар нэгэн эрсдэл учрахгүй байх гэж найдаж байна.

-Ямар орны тамирчидтай хамтрах вэ?
-10 гаруй орны тамирчинтай хамтарна. Гэхдээ одоогоор ямар орны тамирчидтай ажиллахаа сайн мэдэхгүй байна. Хэдийгээр гадаадын тамирчидтай хамтарч байгаа боловч хөтөчгүй учир улс бүрийн тамирчид өөрсдөө амь нас, хоол ундаа хариуцна.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • ***** (202.179.7.6)

    2013-04-24

    shn hunii mohgoor oorsdiigoo zugaatsuulsan uls bhiimaaa

  • zochin (202.21.106.105)

    2013-04-24

    sain bn amjilt hvsie delhiid no2 orgil do