
Шанхайн хамтын ажиллагааны байгууллага / ШХАБ/ болон Бразил, ОХУ, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн эдийн засгийн холбоо /БРИКС/-т Сири нэгдэх сонирхолтой байгааг тус улсын Мэдээллийн сайд Омран Ахед аль-Зоуаби мэдэгдэв. Тэрбээр өнгөрөгч бямба гаригт ОХУ-ын Холбооны зөвлөлийн дэд дарга Ильяс Умахановтой уулзах үеэр энэ тухай ярьсан бөгөөд “Бид нэг л өдөр ШХАБ, БРИКС зэрэг байгууллагын гишүүн орон болно гэдэгт итгэж байна” гэжээ. ШХАБ нь Хятад, ОХУ болон түүний холбоотон, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Казахстан, Киргизстан, Тажикистан, Узбекистан гэсэн зургаан үндсэн гишүүн оронтой цэргийн эвсэл бөгөөд гишүүн орнуудаа дотоодын болон гадаадын халдлага дайралтаас хамгаалж, улстөр, худалдааны салбарыг нь дэмжин ажилладаг юм. Харин БРИКС хэдхэн жилийн дотор дэлхийн бусад эдийн засгийн хүчирхэг холбооноос дутахааргүй чадамжтай холбоо болсон түүхтэй. Үнэндээ Сири энэ хоёр холбооны жинхэнэ гишүүн болсноор тулгамдаж буй бүх асуудлаа шийдэх боломжтой болох юм. Дотоодын хямралаас үүдэлтэй улстөрийн тогтворгүй байдал, эдийн засгийн хямрал нь Сирийг тусгаар тогтносон улсаар оршин тогтнох чадамжийг алдагдуулж, гүн ёроол уруу татсаар. Тиймээс Сири дээрх хоёр холбоонд нэгдэхийг яаравчилж, энэ хэрээр ОХУ-аас дэмжлэг хүсч байна. Сирид Аюулгүйн зөвлөлийг цэрэг оруулахыг эсэргүүцэж, тус улсыг дэмжсэн ОХУ нь ШХАБ, БРИКС-ийн нөлөө бүхий орон. Одоо тус улс барууны эсэргүүцлийн дунд Сирийг ШХАБ, БРИКС-т нэгтгэж, Дамаскийн эрх баригчдыг аврах эсэхийг харах л үлдэж байна. Тэднээс гадна Хятад ч Сирийн өнөөгийн эрх баригчдыг дэмжиж тус улсад барууны цэргийн хүч оруулахыг эсэргүүцсэн. Тэгвэл өнгөрөгч гуравдугаар сард Өмнөд Африкийн Дурбан хотод болсон БРИКС-ийн дээд хэмжээний уулзалт дээр энэ холбооны гишүүн таван орны төр, засгийн тэргүүн Сирийн хямралд санаа зовж буйгаа дуу нэгтэй илэрхийлэхийн зэрэгцээ тус улсад цэргийн хүч оруулахгүй байхыг барууны холбоотнуудад сануулжээ. Өөрөөр хэлбэл, ОХУ, Хятад дээр Бразил, Энэтхэг, Өмнөд Африк нэмэгдсэн юм. Дашрамд дурдахад, Сирид хоёр дахь жилдээ үргэлжилж буй дотоодын хүчирхийллийн улмаас одоогийн байдлаар 70 мянга гаруй хүн амь үрэгдэж, олон сая хүн орох оронгүй болоод байгаа. Аюулгүйн зөвлөл энэ хүчирхийлэлд амь үрэгдэгсдийн тоо хангалттай хэмээн үзэж тус улсад энх тайвныг сахиулахаар цэргийн хүч оруулахыг хичээж байгаа юм.
Сэтгэгдэл (0)