”Байерн Мюнхен” түрүүлнэ гэж таамаглаж байна

   Тавдугаар сарын 2-ны 2.45 цагт эхэлсэн “Байерн Мюнхен”, “Барселона” клубын аваргуудын лигийн тоглолтод оролцох эрхийн төлөөх тулаанд Германы “машинууд” өрсөлдөгчөө талбай дээр нь 3:0 харьцаатай бут ниргэв. Өмнөх тоглолтод Каталоны нэр төр болсон барсачууд Германд зочилж “Байерн Мюнхен”-д 0:4 харьцаагаар хожигдсон. Үүнтэй адил Испанийн өөр нэг хүчирхэг баг болох “Реал Мадрид” Германд ирээд “Боруссия Дортмунд”-д 1:4 харьцаагаар хожигдож, хариу тоглолтод 2:0 харьцаагаар хожсон. Харин нийлбэр дүнгээр 3:4 харьцаагаар хожигдсон юм.

   Тиймээс Аваргуудын лигийн энэ оны аваргын төлөөх тоглолтод Германы хоёр баг тунаж үлдсэн. Үүнээс өмнө Аваргуудын лигийн түүхэнд аваргын төлөөх тоглолтод Германы хоёр баг өрсөлдөхөөр болж байсан удаагүй. Ямартаа ч аваргын төлөөх тоглолт тавдугаар сарын 25-ны 19.45 цаг / манай цагаар 26-ны 02.45 цаг/-т эхэлнэ. Тоглолт Лондоны албарт “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд болох нь. Хөлбөмбөгийн шинжээчдийн үзэж буйгаар энэ тоглолтод “Байерн Мюнхен” ялалт байгуулах магадлал өндөр байна. Учир нь энэ баг Бундис лигийн хоёрдугаар байрт жагсч буй “Боруссия Дортмунд”-аас нэгэнт оноо тасарч түрүүлэх нь тодорхой болсон. Нөгөөтэйгүүр 2001 оноос хойш Аваргуудын лигт түрүүлж чадаагүй ч “Байерн Мюнхен” сүүлийн дөрвөн жилд энэ лигийн аваргын төлөөх тоглолтод гурван удаа шалгарч үлдэн, чансаагаа харуулсан. Хэрвээ “Байерн Мюнхен” ялалт байгуулбал Аваргуудын лигт тав түрүүлсэн амжилтаар “Ливерпүүл”-тэй эн зэрэгцэнэ. Тэгвэл 1997 онд буюу ганц л удаа Аваргуудын лигт түрүүлж байсан “Боруссия Дортмунд” энэ удаа мөнхийн өрсөлдөгчөө ялж чадвал “Ювентус”, “Бенфика”, “Порто”, “Ноттингем Форест”- ын адилаар хоёр түрүүлсэн амжилтын эзэн болно. Дээрх хоёр багийн амжилтаас харахад Аваргуудын лигт “Байерн Мюнхен” 1974, 1975, 1976, 2001 онд түрүүлж, 1982, 1987, 1999, 2010, 2012 онд хоёрдугаар байр эзэлсэн бол “Боруссия Дортмунд” нэг л удаа түрүүлж байснаас биш хоёрдугаар байрын шагналгүй.

   “Байерн Мюнхен” өнгөрөгч онд Аваргуудын лигийн аварга болох боломжоо алдаж байв. Харин энэ удаад боломжийг алдахгүй гэдэгтээ итгэлтэй байгаагаа мэдэгдэж байна. Тус баг өнгөрөгч онд Аваргуудын лигийн аваргын тоглолтод Английн “Челси” клубт ялагдал хүлээсэн. Уг цэнгэлдэх хүрээлэн 60 мянга гаруй хүний суудалтай бөгөөд ихэнх нь “Байерн Мюнхен”-ийн дэмжигчид байсан юм. Харин энэ удаагийн тоглолт “Уэмбли”-д болох учир Германы хоёр багт хоёуланд нь давуу байдал үүсэхгүй. Юутай ч “Байерн Мюнхен” “Барселона” /7:0/, “Боруссия Дортмунд” “Реал Мадридын” /4:3/ дүнгээр өндөрлөсөн тоглолтоос харахад “Байерн Мюнхен” “Боруссия Дортмунд”-аас илүү байгаа нь харагдсан. Гэхдээ “Байерн Мюнхен” “Боруссия Дортмунд”-ын польш довтлогч Роберт Левандовскийгоос эмээх нь гарцаагүй биз. Учир нь тэрбээр “Реал Мадрид”-ыг талбай дээрээ 4:1 харьцаагаар хожиход покер буюу дөрвөн гоол хийсэн хүн шүү дээ.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)