Суугаа гар бөмбөгийн тэмцээнд Сонгинохайрханчууд түрүүлэв
- 2013-05-03
- Спорт
- 0
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хөгжлийн бэрх- шээлтэй иргэдийн нэгдсэн чуулганыг угтан “Бодит оролцоог дэмжье” сарын аяныг зарласан. Аяны хүрээнд дүүргүүдэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн идэвх оролцоог дэмжсэн өдөрлөг, ажлуудыг зохион байгуулж байгаа. Энэхүү аяны үргэлжлэл болгон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд суугаа гар бөмбөгийн тэмцээнийг өчигдөр Онцгой байдлын ерөнхий газрын харьяа “Аврагч” биеийн тамир, спорт хорооны зааланд зохион байгууллаа. Тэмцээнд Баянгол, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул болон Хэнтий аймгийн тамирчид оролцсон юм. Монголын параволейболын холбооны дүрэмд заасны дагуу дунд чөмөг, шилбээр тайруулсан, полимиелит, урт богино хөлтэй, дээд булчингийн гэмтэлтэй тамирчид гар бөмбөгөөр өрсөлдөв. Суугаа гар бөмбөгийн тэмцээнд тамирчдын хувьд гар нь хөлний үүргийг гүйцэтгэдэг ажээ. Бие бялдрын хувьд эрүүл хүн шиг гүйгээд бөмбөгөө авч чадахгүй ч тэднээс дутахааргүй өрсөлдөөнтэйгээр тоглолт өрнөж байв. Тойргийн системээр болсон тэмцээнд Сонгинохайрхан дүүргийн баг тэргүүн байранд шалгарсан юм. Удаах байрт Н.Амарсэргэлэн ахлагчтай чингэлтэйчүүд, Ж.Болд- Эрдэнээр удирдуулсан Баянгол дүүргийнхэн шалгарч, мөнгө хүрэл медалиар энгэрээ мялаалаа. Суугаа гар бөмбөгийн тоглолт дүрмийн хувьд арай өөр аж. Тамирчид сууж тоглодог учраас эсрэг талын бүсэд хөлөө оруулахыг зөвшөөрдөг байна. Мөн довтолгооны цохилт хийхэд нүүрэн талын зооны тоглогчийн аарцаг нь газарт хүрсэн байх ёстой аж. Түүнээс гадна тоглолтын туршид тамирчид аарцагнаас хүзүү хүртэлх биеийнхээ аль нэг хэсгээр газарт хүрсэн байхыг шаарддаг байна. Мөн тоглолтын талбай, гар бөмбөгийн торны өндөр ч өөр юм байна. Тухайлбал, гар бөмбөгийн торны өндөр эрэгтэй 1.15, эмэгтэй 1.05 метр байна. Харин тоглолтын талбайн урт нь 10, өргөн зургаан метр хэмжээтэй байдаг ажээ. Энэ үеэр Монголын паралимпийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Баясгалантай цөөн хором ярилцлаа. - Сонгинохайрхан дүүргээс оролцож байна. Одоогийн байдлаар манай баг хоёр хожилтой өрсөлдөж байна. Энэ удаагийн тэмцээнийг “Бодит оролцоог дэмжье” аяны хүрээнд зохион байгуулж байгаа юм. Тулгуур эрхтний бэрхшээлтэй бидний хувьд хөдөлгөөн их чухал байдаг. Тиймээс нэг өдрийг үр бүтээлтэй өнгөрүүлж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх зорилгоор тэмцээн зохион байгуулж байгаад баярлаж байна. Би 2000 оноос хойш гар бөмбөгөөр хичээллэсэн. Өмнө нь хэд хэдэн тэмцээнд оролцож байсан туршлагатай.
-Спортоор хичээллэх заалны олдоц хэр байдаг вэ?
-Бид долоо хоногийн бямба гариг бүр Төмөр замын зүтгүүрийн депогийн зааланд бэлтгэл хийдэг. Ер нь бид аль болох бэлтгэл сургуулилт хийхийг хичээдэг юм.
-Параволейболын шигшээ багаа бүрдүүлсэн үү?
-Одоогоор албан ёсоор бүрдээгүй л байна. Дараа дараагийн тэмцээнээс тамирчдаа шигшиж баг бүрдүүлнэ. ССАЖ- ын сайд Ц.Оюунгэрэл тэмцээнд оролцох, шигшээ баг бүрдүүлэх ажилд хамтрахаар ярилцаж байна. Энэ талаар Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нэгдсэн чуулганаар санал оруулж дахин ярилцах байх.
-Паралимпийн тамирчдын санааг зовоодог хамгийн том бэрхшээл юу вэ?
-Олон улсын тэмцээнд оролцоход хөрөнгө, мөнгөний хувьд хүндрэлтэй байдаг. Гэхдээ бид аль чадахаараа тамирчдаа тэмцээнд орол цуулдаг. Одоо бидний хамгийн том зорилго 2016 оны Бразилийн олимп. Олимпод оролцохын тулд бэлтгэл сургуулилтаа одооноос хийж эхэлж байна. -Тэмцээнийг ажиглахад Та бүхний гарын булчин их хөгждөг юм шиг санагдлаа?
-Бие бялдрын хувьд эрүүл хүмүүсийг бид гар барилдаанаар дийлдэг. Ер нь тулгуур эрхтний хөгжлийн бэрхшээлтэй болохоор гарын булчин их хөгждөг юм. Хүмүүс бөмбөгнийхөө араас гүйдэг бол бид хөлнийнхөө оронд гараараа тулж шилжиж хөдөлгөөн хийдэг.

Сэтгэгдэл (0)