Кеннет Бейд 15 жил хүнд ажил ял оноолоо
- 2013-05-03
- Дэлхий
- 0
Хойд Солонгосын шүүх АНУ-ын иргэн Кеннет Бейд 15 жил хүнд ажил хийх ял оноолоо. Шүүх хурал дөрөвдүгээр сарын 30-нд болж өндөрлөсөн бөгөөд шүүгчид түүнийг хөдөлмөрийн лагерьт илгээх шийдвэр гаргасан юм. Өмнөд Солонгос гаралтай АНУ- ын иргэн К.Бей 2012 оны арваннэгдүгээр сард Хойд Солонгост дөрвөн жуулчны хамт ирээд баривчлагдсан юм. Хойд Солонгосын тал түүнтэй хамт ирсэн дөрвөн хүнийг нутаг буцаасан бөгөөд аяллыг зохион байгуулагч К.Бейг үлдээжээ. Түүнийг шүүх хурал болтол хэвийн нөхцөлд хорьж байсан гэнэ. АНУ Хойд Солонгост Элчин сайд яам, Консулын газар гэх мэт төлөөлөгчийн газаргүй бөгөөд Шведийн Элчин сайдын яамаар дамжуулан К.Бейг суллахаар хичээсэн. Гэсэн ч Хойд Солонгосын Засгийн газрын албаныхан “Бид К.Бейг Хойд Солонгост төрийн эргэлт явуулах гэж байсныг тогтоосон. Тэр буруугаа хүлээсэн. Түүнд цаазын ял оноох байх. Одоогоор хэвийн нөхцөлд хорьж байна” гэж мэдэгдсэн юм. Үүний дараа АНУ-ын Төрийн департаментаас “Бид К.Бейг Хойд Солонгост төрийн эргэлт явуулах гэж байсанд итгэхгүй байна. Пхеньян түүнтэй уулзах боломж олгох ёстой” гэжээ. АНУ-ын албаныхан Пхеньян дахь Шведийн Элчин сайдын яамны дипломатчдыг К.Бейтэй уулзуулах асуудлаар ихээхэн хүчин чармайлт гаргасан ч тэр бүгдэд Хойд Солонгосын эрх баригчид татгалзсан хариу өгсөн байна. Тиймээс АНУ Хойд Солонгосыг К.Бейг суллахыг уриалсаар байв. Энэ уриалгад мөн К.Бейд цаазын ял оноохыг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй гэсэн юм. Үүнээс улбаалаад ч тэр үү Хойд Солонгосын шүүх К.Бейд цаазын ял бус 15 жил хөдөлмөрийн лагерьт хорих шийдвэр гаргалаа. Гэхдээ ямар ч буруугүй хүний хувьд энэ том шийтгэл. Дээрээс нь хөдөлмөрийн лагерьт 15 жил хүнд хүчир ажил хийх нь цаазын ялаас дутахааргүй шийтгэл гэж АНУ үзэж байна. Кеннет Бейг 15 жил хөдөлмөрийн лагерьт хорих шийтгэл оноосон тухай мэдээлэл яг одоогийн байдлаар барууны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн онцлох мэдээ болж, цөөнгүй хүн шүүмжлэлтэй хандаж буйгаа сэтгэгдэл үлдээжээ. Юутай ч зургаан сар орчим хоригдсон К.Бей хөдөлмөрийн лагерь уруу ачигдаж, тэнд албадан хөдөлмөр хийхээр боллоо. Нөгөөтэйгүүр Хойд Солонгосын тал К.Бейг шүүх хурал болж хөдөлмөрийн лагерьт 15 жил хоригдох ял сонссон гэдгээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байна. Үүнээс өмнө ч түүний талаар тодорхой мэдээлэл өгөхөөс татгалзаж байв. Өмнөд Солонгосын Кунмин их сургуулийн хүндэт профессор, Хойд Солонгосын хуулийн мэргэжилтэн Чан Мен Бонгийн хэлснээр Хойд Солонгосын хөдөлмөрийн лагерийн ажлын нөхцөл маш хүнд аж. Тэрбээр мөн Хойд Солонгост төрийн эсрэг үйл ажиллагаа явуулсан хүнд 5-10 жил л хүнд ажил албадан хийлгэх ял оноодог гэв. К.Бей 2012 оны арваннэгдүгээр сарын эхээр Хойд Солонгосын зүүн хойд зүгийн алс хязгаарын нутаг буюу Хятад, ОХУ-тай хиллэдэг нутгийн эдийн засгийн тусгай бүс Расоноос баривчлагджээ. Хойд Солонгос 2009 онд үүнтэй адил АНУ-ын хоёр эмэгтэй сэтгүүлчийг баривчилж хөдөлмөрийн лагерьт 12 жил ажиллуулах ял оноож байсан. Гэсэн ч удалгүй АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон, экс Ерөнхийлөгч Жимми Картер нарын айлчлалын дүнд тэднийг сулласан юм. Өдгөө 44 настай К.Бей нь Өмнөд Солонгост төрсөн ч Орегоны их сургуульд сурахаар АНУ-д цагаачилж удалгүй тэндхийн иргэншил авчээ. АНУ-ын хэвлэл мэдээлийн хэрэгслүүдийн мэдээлснээр К.Бей нь Сиэтлийн Линвуд хотод амьдардаг аж. Тэгвэл Өмнөд Солонгосын хүний эрхийн идэвхтнүүд “К.Бей Хойд Солонгосын өлсгөлөнд нэрвэгдсэн хүүхдүүдийн зургийг дарж байгаад баривчлагдсан байх талтай” гэв. Ямартаа ч К.Бейгээс өмнө АНУ-ын таван иргэн баривчлагдаж, ял сонсч багагүй хугацааг торны цаана өнгөрүүлсэн ч бүгд суллагдаж байв. Тэр бүрд АНУ-ын Засгийн газрын томоохон төлөөлөгч Хойд Солонгост айлчилж өөрийн иргэнээ суллуулж, басхүү хүнсний тусламж үзүүлж байсан түүхтэй. Магадгүй Пхеньяний албаныхан К.Бейг томоохон хэмжээний хүнсний цуваагаар солих бодолтой байж магадгүй аж. Тус улсыг хамгийн их бухимдуулж байсан дайралтад нь хариу барих бэлэн байдлыг хангах Өмнөд Солонгос, АНУ-ын хамтарсан цэргийн сургуулилт өндөрлөсөн бөгөөд Солонгосын хойгийн байдал намжих эсэх нь ганцхан К.Бейгээс шалтгаалж байна.

Сэтгэгдэл (0)