АНУ-д үрчлэгдсэн хүүхдүүдтэй уулзана
- 2013-05-07
- Дэлхий
- 0

Украины Гадаад харилцааны сайд Леонид Кожара АНУ-д ажлын айлчлал хийх үеэрээ энэ улсад үрчлэгдсэн украин хүүхдүүдтэй уулзахаар төлөвлөжээ. Тэрбээр Украины Гадаад харилцааны сайдаас гадна Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын даргаар ажилладаг бөгөөд АНУ-д конгрес болон бизнесийн хүрээний төлөөлөгчидтэй хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм байна. Л.Кожара ирэх пүрэв гариг буюу энэ сарын 9 хүртэл АНУ-д саатна. Саяхан ОХУ-ын парламент АНУ-д хүүхэд үрчлэхийг хориглосон хууль баталсан. АНУ-д үрчлэгдсэн Дима Яковлев хүүгийн үхэлтэй холбогдуулан баталсан энэхүү хуулийн хэлэлцүүлгийн явцад АНУ-д Максим Кузмин хэмээх өөр нэг бага насны хүү амиа алдсан хэрэг гарсан билээ. Үүний дараа ОХУ гэлтгүй бусад орон ч АНУ-д үрчүүлсэн хүүхдүүдийн байдалд анхаарал хандуулах болсон нь нууц биш. Үүний нэг бодит илрэл нь Украин болж байна. Одоогийн байдлаар АНУ-д Украинаас үрчлэгдсэн 500 орчим хүүхэд байгаа бөгөөд Гадаад харилцааны сайд Леонид Кожара тэдний төлөөлөлтэй уулзаж, амьдралынх нь нөхцөл байдлын талаар асуух гэнэ.
Э.Төгс

Сэтгэгдэл (0)