Япон гэрэл зургийн хальсанд
- 2013-05-07
- Дэлхий
- 0

Хувьсах нийгэм ба хувьсах байгаль. Ийм хоёр хэсгээс бүрдсэн Японы 26 гэрэл зурагчны уран бүтээлийн үзэсгэлэн Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн галерейд өчигдөр нээлтээ хийлээ. 2006 оноос хойш дэлхийг тойрон аялж буй тус үзэсгэлэнд 76 бүтээлийг толилуулжээ. 1970 оноос хойшхи Япон Улсын нийгмийн өөрчлөлт, хүрээлэн буй орчны өнгө, байгалийн гамшгийн хор уршгаас болж хүмүүс эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хэрхэн хохирч байсныг буулган түүх болгон үлдээжээ. Мөн тэрхүү саад бэрхшээлийг япончууд хамтран давж, өнөөгийн нийгмээ хэрхэн цэцэглүүлж чадсаныг гэрэл зурагчны дуранд буулгасан байна. Хувьсах байгаль нэртэй хэсэгт тавьсан гэрэл зургууд хүмүүсийн сонирхлыг ихэд татсан. Учир нь тэрхүү хэсэгт япончуудын хөдөлмөрч зан, алга дарам газрыг ч хэрэгтэй зүйлдээ хэрхэн ашиглаж болдгийг харуулсан байв. Япончууд үйлдвэрлэл, дэд бүтцээ хөгжүүлэхтэй зэрэгцүүлэн байгалийн тэнцвэрт байдал экологийн системээ алдагдуулахгүйн тулд айл өрх нь хашаагаа зүлэгжүүлж, албан газрууд нь нийтээрээ байгууллагынхаа гадаад өнгө үзэмжийг “амьд байгаль” болгодог ард түмэн юм. Гэрэл зурагчин Казуо Китайн 1975 онд авсан “Голын загасчин” хэмээх бүтээлийн өгүүлэмж хүмүүсийн анхаарлыг гойд татав. Голын эрэг даган ургасан дэрсэн дундуур нас дээр гарсан өвгөн уургаа шидэн хэзээ баригдах нь үл мэдэгдэх ангаа хүлээнгээ бодлогошрон суугааг авсан нь гайхалтай зохиомж болжээ. Мөн Хитоси Цукизигийн “Үсака Үнагитани” нэртэй гэрэл сүүдэр, харьцуулалтын үлгэр жишээ болохуйц бүтээл үзэсгэлэнд дэлгэсэн зургуудаас содон харагдсан юм. Гэрэл зураг түүх өгүүлдгийн тод жишээ болсон Японы гэрэл зургийн үзэсгэлэн ирэх сарын 2 хүртэл үргэлжилнэ.

Сэтгэгдэл (0)