Даамчид хоёр их мастераар бүл нэмж, 46 медальтай ирлээ
- 2013-05-07
- Спорт
- 0

100 буудалт даамын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн сарын 26-наас энэ сарын 5-нд Узбекистаны нийслэл Ташкент хотноо боллоо. Сүүлийн жилүүдэд даамын Aзийн аваргын тэмцээн өсвөр, залуучууд, насанд хүрэгчдийн блиц, 100 буудалт даам зэрэг төрлүүдэд зэрэг явагддаг болоод байгаа. Тэмцээнд Монгол, БНХАУ, Япон, Энэтхэг, Казахстан зэрэг 12 улсын шилдэг 245 даамч аваргын төлөө өрсөлдлөө. Манай улсаас 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Ташкентыг зорьсон бөгөөд урьдын адил баг тамирчид медалийн ургац арвинтай ирсэн байна. Монголын баг тамирчид блиц болон 100 буудалт даамын 72 медалиас 46-г хүртэж багаараа тэргүүлсэн байна. Мөн тэмцээний гол төрөл болох 100 буудалт даамын эрэгтэйчүүдийн зургаа дахь, эмэгтэйчүүдийн гурав дахь түрүүг монголчууд авч, хоёр их мастертай боллоо. Тэмцээний сүүлийн өдрүүдэд гол төрөл болох 100 буудалт даамын насанд хүрэгчдийн тэмцээн явагдаж эрэгтэй 28, эмэгтэй 16 даамчин Азийн аваргын төлөө өрсөлдлөө. Эмэгтэйчүүдийн гурав дахь удаагийн тэмцээнд Дэлхийн даамын холбооны мастер Э.Мандахнаран тэргүүлж, их мастерийн болзлыг биелүүллээ. Э.Мандахнарангийн хувьд өнгөрсөн жил хүрэл медаль хүртэж байсан. Энэ төрөлд Хятадын тамирчид мөнгө, хүрэл медалийг хүртсэн байна. Эрэгтэйчүүдийн зургаа дахь удаагийн тэмцээнд дэлхийн даамын холбооны мастер Д.Баттулга түрүүлж, олон улсын их мастер цолыг хүртлээ. Харин тивийн дөрвөн удаагийн аварга, олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг мөнгөн медаль хүртсэн бол БНХАУ-ын тамирчин хүрэл медаль хүртжээ. Эрэгтэйчүүдийн Азийн аваргын зургаан түрүүг дараалан хүртэж байгаагаараа монголчууд энэ төрөлд босоо байгаагаа харууллаа. Эхний дөрвөн тэмцээнд олон улсын их мастер Д.Эрдэнэбилэг тэргүүлсэн бол өнгөрсөн жил их мастер Г.Ганжаргал, энэ жил их мастерийн болзол хангаад буй Д.Баттулга нар түрүүлээд байна.

Сэтгэгдэл (0)