Бостоны халдлагын сэжигтнүүдийн эцэг эх хүүгээ Дагестанд оршуулахыг хүслээ

АНУ-ын Бостон хотын марафон тэмцээний үеэр бөмбөг дэлбэлсэн халдлагад буруутгагдсан ах дүү Царнаевын эцэг эх том хүүгээ Дагестанд оршуулахыг Цагаан ордны удирдлагуудаас хүслээ. АНУ-ын тусгай хүчнийхэн дээрх халдлагыг үйлдсэн байж болзошгүй Тамерлан Царнаев, Жохар Царнаев нарыг баривчлах үеэр буудалцаан болж 26 настай Тамерлан Царнаев амиа алдсан. Харин түүний дүү 19 настай Жохар Царнаев хүзүүндээ буудуулж ярьж чадахгүй байгаа. Гэсэн ч түүнээс байцаалт авсаар байгаа бөгөөд бүх насаар нь хорих юм уу цаазын ял оноохоор төлөвлөсөн. Тэгвэл чечень гаралтай тэдний эцэг эх Анзор Царнаев, Зубейдат Царнаева нар ОХУ-ын холбооны тойрогт хамаарах Дагестаны бүгд найрамдах улсад амьдардаг бөгөөд Тамерлан Царнаев хүүгээ ОХУ, тэр дундаа Дагестанд оршуулах хүсэлтэй байгаагаа хэвлэлийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан АНУ- ын засаг захиргаанаас хүүгийнх нь цогцсыг шилжүүлэхийг гуйлаа. Мөн тээврийн зардалд шаардлагатай мөнгийг цуглуулж байгаа гэж хэлжээ. Эргэн сануулахад, Тамерлан Царнаев, Жохар Царнаев нар дөрөвдүгээр сарын 15-нд болсон Бостоны марафоны барианы зурвасын ойролцоо хоёр удаа бөмбөг дэлбэлсний улмаас гурван хүн амь үрэгдэж, 260 гаруй хүн шархадсан. Харин дөрөвдүгээр сарын 19-нд Тамерлан Царнаев тусгай хүчнийхний гарт амиа алдаж, Жохар Царнаев баривчлагдсан юм.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)