Хойд Солонгос пуужингуудаа татлаа
- 2013-05-08
- Дэлхий
- 0

Хойд Солонгос зүүн эргийн пуужин хөөргөх талбайд байрлуулсан дундын зайн тусгалтай хоёр пуужингаа татсаныг АНУ-ын албаныхан мэдээллээ. Солонгосын хойгийн байдал намжиж эхэлсэн энэ үед Пхеньяний эрх баригчид Өмнөд Солонгос, АНУ-ын Гуам арал болон тус улсын Японы Окинава арал дэх цэргийн баазад цохилт өгөхөөр байрлуулсан хоёр пуужингаа эргүүлэн татсанаар болзошгүй дайны аюулыг бүрмөсөн үгүй хийв. Тус улс АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан дайралтаас нь сэргийлэх, хариу цохилт өгөхөд чиглэсэн дэвшилтэт зэвсэг оролцуулсан цэргийн сургуулилтыг ихээхэн эсэргүүцэж байсан бөгөөд энэ сургуулилт өндөрлөсөн. Тиймдээ ч дөрөвдүгээр сарын 30-нд өндөрлөсөн энэ сургуулилтын дараа Солонгосын хойгийн байдал намжиж эхэлсэн. Харин Хойд Солонгос пуужингуудаа татсан энэ үед АНУ, Өмнөд Солонгос дахин хамтарсан сургуулилт эхэллээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Гын-Хэ өчигдөр Вашингтон хотноо АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обаматай уулзаж, стратегийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтээ илэрхийлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч ч мөн ийм хүсэлтэй байсан бөгөөд Пак Гын-Хэгийн хүсэлтийг нааштай хүлээн авчээ. Түүнийг Барак Обаматай уулзахаас нэг өдрийн өмнө буюу даваа гаригт хоёр орны хамтарсан цэргийн сургуулилт эхэлсэн. Харин энэ өдөр Хойд Солонгос пуужингуудаа татсан. Хойд Солонгосын энэ хоёр пуужин тус улсын хамгийн дэвшилтэт зэвсэг бөгөөд “Мусудан” гэж нэрлэдэг. Тус улс энэ зэвсгээ 2010 оны цэргийн жагсаалын үеэр олон нийтэд анх удаа танилцуулж байсан ч одоог хүртэл амжилттай туршаагүй. Тодруулбал олон сая ам.доллараар бүтсэн цөөн хэдэн энэ баллистик пуужингийн нэгнийх нь туршилт амжилтгүй болсны дараа дахин туршаагүй юм. Тиймээс АНУ-ын албаныхан “Мусудан”-ыг аюулгүй, аюултай гэж үзсэн хоёр хэсэгт хуваагдаад байсан юм. Юутай ч нэг бүр нь 3000 км-ийн зайн ашигтай тусгалтай “Мусудан”-ыг түлшээр цэнэглэж харвахад бэлэн болгоод буйгаа нэг бус удаа зарласан Пхеньяний эрх баригчид энэ зэвсгээ эргүүлэн татаж, Солонгосын хойгийн хурцадмал байдлыг намжаах том алхам хийв. Эсрэгээрээ АНУ, Өмнөд Солонгосын хамтарсан цэргийн сургуулилт хойгийн байдлыг дахин хурцадгаж магадгүй байна.

Сэтгэгдэл (0)