Иранчуудад бүх насаар нь хорих ял оноожээ
- 2013-05-08
- Дэлхий
- 0

Кенийн шүүх Ираны хоёр иргэнийг эх оронд нь террорист халдлага үйлдэхийг завдсан хэрэгт буруутган бүх насаар нь хорих ял оноожээ. Иран иргэн Ахмед Мохаммед, Сейд Мусави нар Кенид халдлагад үйлдэхээр тэсрэх бодис хадгалж байснаа өнгөрөгч долоо хоногт хүлээсэн байна. Энэ хэрэгтэй холбогдуулан Ираны Засгийн газар “Бид Кенид халдлага үйлдэхийг завдсан ямар нэгэн хэрэгт холбоогүй” гэж мэдэгджээ. Мөн Кени дэх Ираны Элчин сайд малик Хуссейн Гивзад нутаг нэгтнүүдийг нь шүүсэн явдлыг “Энэ бол шударга явдал. Бид тэдний шийдвэрийг хүндэтгэж байна. Гэхдээ Иран Улс өөрийн иргэддээ үргэлж анхаарал хандуулна” гэжээ. Гэсэн ч Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху “Ираны эрх баригчид Израиль, Кенид халдлага үйлдэхийг санаархдаг” гэж хэлжээ. Прокуроруудын хэлснээр, Ахмед Мохаммед, Сейд Мусави нар Кенийн нийслэл Найроби болон далайн эргийн Момбаса хотод халдлага зохион байгуулах гэж байсан аж. Ахмед Мохаммед, Сейд Мусави нар 2012 оны зургадугаар сард баривчлагдсан бөгөөд 15 кг “RDX” хэмээх хүчтэй тэсрэх бодис хадгалж байжээ. Кенид халдлага, дайралт байсхийгээд гардаг бөгөөд үүний улмаас амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэн Ираны хоёр иргэнд хүнд шийтгэл оногдуулахыг эрх баригчдаасаа шаарджээ. Ямартаа ч 2002 онд Кенийн Момбаса хотын нэгэн израиль эзэнтэй зочид буудалд бөмбөг дэлбэрсний улмаас 18 хүн амь үрэгдэж байсан удаатай.

Сэтгэгдэл (0)