Бразил Кубаас 6000 эмч хөлсөлнө

Бразил Кубаас 6000 эмч авч ажиллуулах яриа хэлэлцээр хийж эхэлжээ. Кубын Засгийн газартай хийж буй энэхүү хэлэлцээр амжилтад хүрч, талууд тохиролцож чадвал тус улсын 6000 эмч Бразилийн хөдөө орон нутагт ажиллах юм байна. Бразилийн эмч нар томоохон хотуудад ажиллах сонирхолтой байдгаас хөдөө орон нутагт эмчийн хүрэлцээ муу байдаг аж. Куба Улс Латин Америктаа эмч нарын мэдлэг чадвараараа дээгүүрт ордог бөгөөд Венесуэл рүү хэдийнэ олон мянган эмч илгээж хариуд нь хямд үнэтэй газрын тос худалдаж авч байгаа. Кубын нийслэл Гавана хотноо тус улсын Гадаад харилцааны сайд Бруно Родригес Бразилийн Гадаад харилцааны сайд Антонио Патриотаг хүлээн авч уулзсаныхаа дараа хэлэлцээр нааштай явагдаж байгааг сэтгүүлчдэд дуулгажээ. Гэхдээ Кубын эмч нар Бразилд хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Өнгөрөгч оны нэгдүгээрт сард Бразилийн Ерөнхийлөгч Дилма Руссефийг Гаванад айлчлах үеэр Кубын албаныхан эмч нар илгээх боломжтой гэж хэлжээ. Харин “БРИКС” болон Латин Америкийн эдийн засгийн холбооны нөлөө бүхий орон Бразилаас Куба ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хүсч байна. Кубын албаныхны хэлснээр Бразил нь тус улсын худалдааны зургаа дахь, хүнсний гол ханган нийлүүлэгч бөгөөд өнгөрөгч онд хоёр орны худалдаа 661 сая ам.доллараар хэмжигджээ. Энэ нь 2011 оныхоос зургаан хувиар өссөн үзүүлэлт аж.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)