Бүгд найрамдах ардчилсан Конго Улс эхчүүдэд хамгийн муу газар
- 2013-05-09
- Дэлхий
- 0

Африк тивд орших Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс дэлхий дээрх эхчүүдэд хамгийн муу газраар тодорчээ. Тиймдээ ч тэнд хүүхдүүд өсч том болоход бусад орноос илүү зовлон амсдаг байна. НҮБ-ын Хүүхдийн сангаас явуулсан энэхүү судалгааг Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс мушгисан бол эхчүүдэд болон тэдний үрст хамгийн ээлтэй газраар Финланд тодорчээ. Харин хоёр, гуравдугаар байрт Швед, Норвеги орсон байна. НҮБ-ын Хүүхдийн сан 176 орныг хамруулсан уг судалгаандаа эхийн эрүүл мэнд, боловсрол, орлого, нярайн эндэгдэл зэрэг хэд хэдэн хүчин зүйлийг харгалзан үзжээ. Өөрөөр хэлбэл, 176 орны дээрх үзүүлэлтийг харьцуулсан аж. Тэгвэл Энэтхэгт нярайн эндэгдэл хамгийн өндөр гарчээ. Тус улсад шинээр төрсөн хүүхдүүдээс 24 цагийн дотор 300 мянга гаруй нь амиа алддаг аж. Энэ нь дэлхий даяар эндэж буй нярай хүүхдүүдийн 29 хувийг бүрдүүлж байгаа аж. Эхчүүдэд хамгийн муу сүүлийн арван оронд саб- Сахар /Сахарын цөлийн дор орших бүс нутаг/- ын орнууд оржээ. Тэнд жирэмсэн 30 эмэгтэй тутмын нэг нь нас бардаг. Мөн дунджаар долоон хүүхэд тутмын нэг нь таваас доош насандаа амиа алддаг. Бүгд Найрамдах Ардчилсан Конгод дайн, ядуурлын улмаас эмэгтэйчүүд, тэр дундаа эхчүүд өлсгөлөнд илүү нэрвэгдэж үүний улмаас турж эцэн, гаднын ямар нэгэн тусламжгүйгээр амьдралаа залгуулдаг гэнэ. Тэгвэл энэ улстай хамт сүүлийн аравт Сомали, Сьерра-Леоне, Мали, Нигер, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Гамби, Нигери, Чад, Зааны ясан эрэг бичигджээ. Ер нь саб-Сахарын орнуудад эхчүүд болон нярай хүүхдүүд тэжээлийн хомсдлын улмаас гол төлөв амиа алддаг байна. Тэнд хүнсний хомсдол маш өндөр хувьтай байдаг бөгөөд эхчүүдийн 10-20 хувь байх ёстой хэмжээнээсээ бага жинтэй байдаг аж. Харин хамгийн сайн үр дүн үзүүлсэн Финландад 12200 жирэмсэн эмэгтэйд нэг үхэл оногджээ.

Сэтгэгдэл (0)