Хамгийн өндөр үнэтэй автомашины дугаарууд

Ганц үнэ өндөртэй автомашинаар төдийгүй үнэтэй дугаараар нь чамирхаж, зиндаархахыг хүсэгчид хаа сайгүй байдаг бололтой. Автомашины хамгийн үнэтэй дугаарын эзэн Абу- Даби хотын бизнесмэн Саид Абдул Гафер аль Хури гэгч аж. Гиннесийн амжилтын номд дэлхийн хамгийн үнэтэй автомашины дугаараар бүртгэгдсэн эл дугаар нь “1” гэсэн ганц оронтой тоо агаад 2008 онд дуудлага худалдаагаар орж, 14 сая ам.долларын өртгөөр эзэндээ очжээ. Өмнө нь энэ төрлөөр дэлхийн дээд амжилт тогтоосон “5” гэсэн ганц оронтой тоо бүхий 6.8 сая ам.долларын үнэтэй автомашины дугаарыг Саид Абдулийн хамаатан залуу Таталя Мухаммед эзэмшдэг байжээ. Арабын ах, дүү баячуудыг Их Британийн хөрөнгөтнүүд удаалдаг аж. Тус улсын нэгэн хувийн үйлдвэрийн эзэн Афзал Хан “F1” гэх автомашины дугаараа 440 мянган фунт стерлингээр өөрийн болгосон байна. Энэхүү дугаар нь Их Британид хамгийн өндөр үнэд хүрсэн дугаар хэмээн тэмдэглэгджээ. Тэрбээр эл үнэт дугаараа “Mercedes SLR McLaren” маркийн автомашиндаа тавьсан байна. Тэрбээр “Энэ бол цаашид 10 дахин илүү үнэ хүрэх боломжтой сайн наймаа” хэмээн тодорхойлсон байна. Мөн тус улсын хувийн хөрөнгөтөн Майк Маккумб гар утас худалдаалдаг “Mobile Phone Store” сүлжээ дэлгүүрээ “Бритиш Телеком” компанид зарсныхаа дараа автомашиндаа үнэтэй дугаар авах гэсэн мөрөөдлөө биелүүлжээ. Тэрбээр, “М1” гэх дугаарыг өөрийн болгохын тулд 330 мянган фунт стерлинг зарцуулсан аж. Улсынхаа хамгийн үнэтэй автомшины дугаарыг эзэмших гэсэн мөрөөдлөө тэрбээр хүүгйнхээ ирээдүйд хийж буй хөрөнгө оруулалт хэмээн тайлбарлаж,“Хүүгийнхээ анхны автомашинд эл дугаараа зүүж өгнө” гэсэн байна. Манай гаригийн хамгийн үнэтэй автомашины дугаар эзэмшигчдийн жагсаалтын тавдугаарт Оросын тэрбумтан Роман Аркадьевич Абрамович бичигджээ. Тэрбээр “VIP 1” гэсэн автомашины дугаараа 2006 онд Лондон хотоос 285 мянган фунт стерлингээр худалдан авч байжээ. Энэхүү дугаар нь өөрийн гэсэн түүхтэй гэнэ. Ромын пап II Иоанн Павелийг хойд Ирландад айлчлах үеэр автомашинд нь байрлуулж өгөхөөр уг тусгай дугаарыг гаргасан аж. Гэтэл пап өөрийн автомашины “SCV 1” гэсэн ердийн дугаараа солихоос татгалзсан тул улсын эзэмшилд хадгалж байгаад 10 жилийн дараа дуудлага худалдаагаар борлуулснаар Роман Абрамовичийн мэдэлд очжээ. Тэрбээр эл дугаараа улсдаа болон Монако, Италид байрлах үедээ ашигладаг байна. Автомашины тоон дугаараас гадна нэрээр нэрлэгдсэн дугаар Украин Улсад үнэ хүрдэг. Ер бусын дугаартай болохыг хүссэн жолооч хүссэн үсэг юмуу тоон цуглуулгаа бүрдүүлэн хүсэлт гаргаснаар цор ганц содон дугаартай болдог байна. Ийм дугаарын эхний гурван тоо юмуу үсэг нь 9036 рублийн үнэтэй агаад үргэлжлэх тоо болон үсэг бүр нь 753 рублиэр нэмэгддэг аж. Украинд дэлгэрсэн эл чамирхлыг оросууд ч мөн дууриан хүсэлт гаргасан боловч Оросын хуулиар зөвшөөрөөгүй байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)