
Гайтид олон зуун мянган хүн холер буюу булчин задрах тахлаар өвчлөөд байгаа бөгөөд тэдний зарим нь энэ өвчний тархалтын асуудлаар НҮБ-ыг шүүхэд өгөх гэж буйгаа мэдэгдлээ. Олон зуун мянган хүнийг хамарч, цөөнгүй хүний аминд хүрсэн энэ өвчин Гайтид 2010 онд дэгдсэн юм. Тэгэхдээ НҮБ-ын энхийг сахиулагчдын хуарангийн ойролцоогоос дэлгэрчээ. 2010 онд Гайти Улсад дэлхийн түүхэн дэх хамгийн аймшигт газар хөдлөлт болж, 300 мянга орчим хүн амь үрэгдэж, 30 мянган худалдааны байшин, 250 мянган сууц эвдэрч сүйдэж, нийтдээ гурван сая хүн энэ байгалийн гамшигт өртсөн. Асар их хохирол амссан Гайтийг хөл дээр нь зогсоохын тулд НҮБ энхийг сахиулагчдаа хүмүүнлэгийн тусламжийн хамт илгээсэн. Гэсэн ч тэдний байрлаж байсан газраас холгүй орших голд булчин задрах тахлын вирус нэвтэрсний улмаас дээрх байгалийн гамшгаас дутахааргүй гамшиг Гайтийг нөмрөөд байна. Одоогоор яг хэдэн хүн энэ өвчнөөр өвчлөөд байгаа нь тодорхойгүй байгаа ч хамгийн багадаа 300 мянга орчим хүн өвчилж, тэднээс 8000 гаруй нь амиа алджээ. Булчин задрах тахлаар өвчилсөн хүмүүс болон амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэн НҮБ-ыг нас барсан хүмүүсийн ар гэрийнхэнд 100 мянга, өвчтөнүүдийн ар гэрийнхэнд 50 мянган ам.доллар тус бүрт нь олгохыг шаардаж 60 хоногийн хугацаа өгчээ. Хэрвээ энэ хугацаанд зохих нөхөн төлбөрийг төлөхийг бол олон улсын шүүхэд өгөх аж. Гайтийн Эрүүл мэндийн яам болон гаднын зарим орны мэргэжилтнүүд тус улсад үүрэг гүйцэтгэхээр ирсэн НҮБ-ын балба энхийг сахиулагчаас булчин задрах тахал тархсан болохыг тогтоосноо мэдэгдэж байсан бөгөөд хангалттай нотлох баримт байгаа гэнэ. Жил гаруйн өмнө Гайтид НҮБ-ыг булчин задрах тахалд буруутгасан хөдөлгөөн хүртэл өрнөж, “Булчин задрах тахлыг санаатай тараасан. Тэд тахлын вирусыг ундны усны гол хэрэглээ болсон голд зориудаар хийсэн” гэх зэргээр буруушааж байсныг олон улсын хэвлэл мэдээллийн цөөнгүй хэрэгсэл дамжуулсан ч тэгсхийгээд намжсан. Хэдийгээр НҮБ үүнийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж байгаа ч тус байгууллагын булчин задрах тахлын мэргэжилтнүүд Гайтийн Эрүүл мэндийн яам болон гаднын зарим орны мэргэжилтнүүдийн дүгнэлтийг үнэн байх өндөр магадлалтай гэж хэлжээ. Үнэндээ Гайтийн Эрүүл мэндийн яам дээрх дүгнэлтдээ огт эргэлзэхгүй байгаа юм. Тиймдээ ч Гайтийн булчин задрах тахлаар өвчлөгсөд НҮБ-ыг олон улсын шүүхэд ялна гэдэгтээ итгэлтэй байна. Хэрвээ НҮБ өөрийн энхийг сахиулагчаас булчин задрах тахал тархсныг хүлээн зөвшөөрвөл ихээхэн хэмжээний төлбөрт унана. Энэ хэрэгтэй холбогдуулан Гайтийн өвчтөнүүд өмгөөлөгч хөлсөлжээ. Өмгөөлөгчид НҮБ-д хэлэлцээр хийх 60 хоногийн хугацаа өгч буйгаа мэдэгдэхийн дээр энэ байгууллага олон улсын хууль дүрмийг зөрчиж байна гэж шүүмжилжээ.
Сэтгэгдэл (0)