
Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд 686 хүн өрсөлдөхөөр нэр бүртгүүлжээ. Таван өдөр үргэлжилсэн бүртгэл өнгөрөгч бямба гаригт өндөрлөсөн байна. Харин сонгууль ирэх зургадугаар сарын 14-нд болох аж. Энэ удаагийн сонгууль тус улсын түүхэн дэх хамгийн олон нэр дэвшигчтэй сонгууль болох нь. Магадгүй энэ сонгууль Ираныг сүүлийн найман жил удирдсан Махмуд Ахмадинежад Үндсэн хуулийн дагуу дахин өрсөлдөхгүй болсонтой холбоотой. Өөрөөр хэлбэл, тус улс Махмуд Ахмадинежадын халааг авах хүнээ сонгоно. Нэр дэвшигчдийн жагсаалтаас харахад 686 хүний дотор 19 настай “жаал” байгаа бол хамгийн ахмад нь 87-той хүн байна. Гэхдээ тус улс олон нэр дэвшигч оролцсон сонгууль явуулж байсан туршлагатай. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд 475 хүн нэр дэвшчээ. Ямартаа ч энэ сонгуулийн кампанит ажил ирэх 22 юм уу 23- ны өдөр эхэлж зургадугаар сарын 12-нд өндөрлөж, 13-нд нь ямар нэгэн сурталчилгаа хийхгүй юм байна.
Сэтгэгдэл (0)