“Цасан цагаан дагина”-ыг эзэлсэн АНХНЫ МОНГОЛ УУЛЧИН

Хилийн дээс алхан дэлхийн ноён оргилыг эзлэх хүсэлдээ хөтлөгдсөн монгол уулчдын бахархмаар амжилт өнгөрсөн сарын онцлох үйл явдлуудын нэг байв. Тэдгээрийн үргэлжлэл болсон нэгэн сайхан мэдээг амралтын өдөр сонслоо. Дэлхийд 8000 метрээс дээш өндөртэй 14 оргил байдаг. Тэрхүү оргилуудын нэг, өмнө нь монгол хүн авирч байгаагүй Шишипангмаг Олон улсын хэмжээний мастер Ө.Батманлай эзэлсэн тухай баяртай мэдээ дуулдав. Завхан аймгийн уугуул бөгөөд “Уулын оргил өөд” төрийн бус байгууллагын тэргүүн ажээ. Өнгөрсөн сарын эхээр Цаст орныг зорьсон тэрбээр зорилгоо баасан гаригт Монголын цагаар 13.15 цагт Шведийн уулчны хамт биелүүлж, Шишипангмагийн ноён оргилд төрийн далбаа болон Завхан аймгийн тугаа мандууллаа. Шишипангма гэдэг нь монгол хэлнээ хөрвүүлбэл цасан цагаан дагина гэсэн утгатай аж. Оргилыг эзлэх уулч- дын бүрэлдэхүүнд Монгол, Швед, Итали, Автрали, Америкийн найман залуу байжээ. Тэднээс зөвхөн Монгол, Шведийн тус бүр нэг уулчин эр зоригоороо ноён оргилыг эзэлж шинэ түүх бүтээлээ. Гималайн нурууны оргилын нэг Шишапангма уул далайн түвшнээс дээш 8035 метрийн өндөрт оршдог. Уулчид энэ удаагийн авиралтаа ширпа / нутгийн газарч/-гүйгээр хийснээрээ онцлогтой. Улмаар тэд 6730, 7045, 7400 метрт бааз байгуулж авиралтад нийтдээ 35 хоног зарцуулжээ. 2000 оноос хойш уулын спортоор хичээллэсэн Олон улсын хэмжээний мастер Ө.Батманлай энэ удаагийн авиралтаар хувийн амжилтаа шинэчлэн тогтоож байгаа юм. Тэрбээр ирэх бямба гаригт эх орондоо ирэх юм байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)