
Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газар ажилтныхаа секс дуулианд уучлалт гуйлаа. Тус улсын Ерөнхийлөгч Пак Гын-хэ саяхан АНУ-д айлчилсан. Түүний багт багтсан Ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Юн Чан-жун Вашингтон зочид буудалд Өмнөд Солонгос гаралтай Америкийн нэгэн залуу ажилтан эмэгтэйг хоргоож биед нь хүрчээ. Ерөнхийлөгч Пак Гын- хэгийн айлчлал амжилттай болсон ч түүний хэвлэлийн төлөөлөгч 56 настай Юн Чан-жун энэ айлчлалд таагүй дурсамж үлдээлээ гэж хэвлэлүүд шүүмжилжээ. Пак Гын- хэ Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тангараг өргөж үүрэгт ажлаа хүлээн авснаас хойшхи анхны айлчлалаа АНУ-д хийсэн. Тиймдээ ч энэ айлчлалд албаныхан ихээхэн ач холбогдол өгч байв. Харин дээрх хэрэгтэй холбогдуулан Юн Чан-жуныг ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр нэрийг нь нууцалсан 20-иод насны эмэгтэйг өдөж хоргоосноо үгүйсгэсэн ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан Ерөнхийлөгчийн айлчлалыг бараантуулсандаа уучлалт гуйжээ. Мөн “Хэрвээ би түүнд хор хүргэсэн бол намайг уучлахыг гуйж байна” гэжээ. Үүнээс өмнө тэрбээр соёлын өөрчлөлтийн улмаас ийм байдалд орлоо гэж хэлж байжээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ха Тэ-ель “Энэ бол байж болшгүй явдал. Бид хохирогч эмэгтэй, түүний гэр бүл болон Өмнөд Солонгосын ард түмнээс уучлалт гуйж байна” гэжээ. Дашрамд дурдахад, тухайн эмэгтэй Пак Гын-хэгийн дөрвөн өдрийн айлчлалтай холбоотойгоор Вашингтон дахь Өмнөд Солонгосын Элчин сайдын яаманд ажиллаж байсан агаад Элчин сайдын яамнаас холгүй орших Вашингтон зочид буудлын бааранд энэ явдал болжээ.
Сэтгэгдэл (2)
0033AAA (78.251.51.215)
SULIAR CHI NUTGIIN GEED HUN BISHUU NOWSHIO
zf (203.194.115.33)
nutgiin busguigee changaahgui dee